sonin.mn
Монгол Үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Даншиг наадмам зохион байгуулахаар боллоо.
 
Наадмын нэгдсэн үйл ажиллааг  ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар  төлөвлөж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгохоор шийдвэрлэлээ.
 
Наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэж, Буддын шашны бүх хийдийн лам нар Монголын их бат оршил өргөх юм.  Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байна.
 
Мөн наадмын хөтөлбөрт  Сарьдагийн хийдийн туурийн олдвор, музейд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээс гадна  аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Mongolian Tourism Market (MTM) –ийг зохион байгуулахаар оруулжээ.
 
Наадмаар 256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.  
 
 Даншиг наадмын бай шагнал нь  Улсын наадмын байтай адил бөгөөд даншигт барилдах бөхчүүдийн  цолыг харгалзалгүйгээр  сугалаагаар оноолт тааруулан барилдуулахаас гадна энэхүү наадмаас нанчин, заан, арслан цолыг шинээр олгох юм.
 
Дараа жилийн Даншигт зөвхөн тус  наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдахаар зохион байгуулахаар болжээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.