sonin.mn
Нисэх спортын чөлөөт загварын нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байгаа билээ. Налайхын Дархан ноёны худаг буюу цэргийн нисэхийн 337 дугаар ангийн урд талбайд өчигдөр эхэлсэн тэмцээн ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнийг зохион байгуулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргын туслах О.Сансархүүгээс зарим зүйлийг тодрууллаа
 
-Энэхүү тэмцээнийг яагаад манай улсад зохион байгуулахаар болсон бэ?
 
-Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэг байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай нийгэмлэгийн олон жилийн түүх, хөдөлмөрийг үнэлж Дэлхийн агаарын холбооноос энэ удаагийн тэмцээний эрхийг манай улсад олгосон.
 
-Тэмцээн ямар онцлогтой болж байна вэ?
 
-Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнийг Монголд төдийгүй Азид анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Мөн тэмцээн болж байгаа газар нь дэлхийд нисэх загварын спортын хувьд эзлэх талбайгаараа хоёрт орохоор том.
 
-Энэ төрлийн тэмцээнийг өмнө нь олон удаа зохиосон уу? 
 
-Манай улсад өмнө нь дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай. Чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өсвөрийн болон насанд хүргэчдийн гэсэн ангиллаар явагддаг. Харин энэ удаа зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд оролцогчид өрсөлдөж байна.
 
-Тэмцээнд хэчнээн тамирчин оролцож байна вэ?
 
-37 орны 300 гаруй тамирчин оролцож байна. Харин манай улсаас 80 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм.
 
-Манай тамирчдын ур чадвар ямар байна?
 
-Манай тамирчид ур чадварын хувьд Ази тивдээ нэлээн дээгүүр ордог. 2013 онд болсон чөлөөт загварын нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид маань дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Бид энэ жил дэлхийн аваргын цомыг авах зорилгоор баг тамирчдаа бүрдүүлсэн.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин