sonin.mn
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд бэлтгэн оролцуулахад хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Захирагч Кавакацү Хэйта,  Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нар болон албаны зочид төлөөлөгчид манай улсад айлчилж байгаа юм.
 
Айлчлалын багийнхныг  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзан, манай хоёр орон эртний найрамдалт харилцаатай. Баг тамирчдынхаа бэлтгэлийг танай сайхан оронд хамтран хийх гэж байгаадаа талархаж байна гэдгээ илэрхийлэв.
 
Харилцан ойлголцлын санамж бичигт ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Изунокүний хотын дарга Оно Тошико, Яйзу хотын дарга Накано Хиромичи нар гарын үсэг зурсан юм.
 
Санамж бичигт тусгаснаар Үндэсний шигшээ багийн чөлөөт, жүдо, пара жүдо бөхийн тамирчдыг “Токио-2020” олимпийн өмнөх бэлтгэлд дээрх хотуудад бэлтгэл хангуулах, олимп, паралимпийн хүртэлх хугацаанд бусад спортын төрлийн бэлтгэл, сургуулилт хийх нөхцөл бололцоогоор Япон Улсын Шизүока мужийн Изунокүни, Яйзу хот хангаж ажиллах юм.
 
Монгол Улсын тамирчид 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд анх оролцож байсан бөгөөд сүүлийн хоёр олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож "Бээжин-2008" олимпийн наадмаас анхны алтан медалиа авч байсан бол "Лондон-2012" олимпийн наадамд анх удаа 5 медаль авсан амжилтыг үзүүлж байсан түүхтэй. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг