sonin.mn

Манай улсын баг, тамирчид саяхан 45 дахь удаагийн Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Энэхүү тэмцээнд 60 орны 400 гаруй тамирчин хүч чадлаа сорьсон байна.

Харин Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин оролцсон бөгөөд Пауэрлифтингийн Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер Б.Чимэдцэрэн хүрэл медалийг эх орондоо авч иржээ. Тэгвэл холбооны удирдлагууд болон тэмцээнд оролцсон тамирчид өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Б.Чимэдцэрэнг “Өглөөний зочин” буландаа урьж, цөөн хором ярилцлаа. 

-Юуны өмнө танд баяр хүргэх нь зөв байх. Таны ачаар монголчууд Пауэрлифтингийн спортын төрөлд дэлхийд данстай боллоо. Эхлээд тэмцээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Энэ удаагийн Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-14-ны хооронд таван өдөр үргэлжилсэн. Герман болон Франц улсын дунд байдаг Люксембургийн вант улсад 45 дахь жилдээ амжилттай болж, өндөрлөлөө. Нийт 60 орны 400 гаруй тамирчин оролцож, жин тус бүрт аваргуудаа тодруулсан. 

-Манай улсаас хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй явж, хэдэн тамирчин оролцсон юм бэ?
-Манайхаас 10 хүний бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Яг тэмцээнд найман тамирчин эх орноо төлөөлж оролцсон. 

-Тамирчид маань хэд, хэдэн кг-ийн жинд оролцож, хүч чадлаа сориод ирэв?
-Таван жинд оролцсон. Өөрөөр хэлбэл, бид 66, 74, 83, 105, 120 кг-ийн жинд хүчээ сорилоо. Үүнээс ганцхан 120 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн. 
-Тэгэхээр танаас өөр тамирчин медалийн тавцанд зогсож чадаагүй гэсэн үг байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ манай тамирчид маш сайн оролцсон. Пауэрлифтингийн спорт манай улсад хөгжөөд удаагүй байна. Дөнгөж л 10 жил болж байна шүү дээ. Ийм байхад энэ зэрэгтэй оролцож, амжилт үзүүлж байгаад л баярлах хэрэгтэй. 
-Тэгэлгүй яах вэ. Манай улс Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байгаа юм бэ?
-Энэ жил гурав дахь жилдээ оролцлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах бол өнгөрсөн хугацаанд энэхүү спортод сэтгэл, зүрхээ зориулсан хүн бүрийн мөрөөдөл байсан гэж хэлж болно. Хэдийгээр олон тамирчин оролцох байсан ч хөрөнгө санхүү болон цагийн зөрүү гэх мэтчилэн олон шалтгаанаас болж цөөн тооны тамирчин оролцсон. Гэсэн ч бид тэднийхээ итгэлийг алдалгүй тэр том тэмцээнээс ганц ч гэсэн медальтай эх орондоо ирсэндээ баяртай байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийн ангилалаас хүртсэн анхны медаль юм. 
-Аль улсын тамирчид илүү хүчтэй байв. Таны оролцсон 120 кг-ийн жинд алт болон мөнгөн медалийг ямар улсын тамирчид хүртэв?
-Тэмцээн маш өрсөлдөөнтэй, шударга болсон. Украйн болон Орос, Казакстан улсын тамирчид хүчтэй байлаа. Яг миний жинд 17 тамирчин хүчээ сорьсон. Алтан медалийг 330 кг-ийг шахаж Бельги улсын тамирчин хүртсэн бол 317.5 кг-ийг шахсан амжилтаар Украйны тамирчин мөнгөн медаль авсан. 
-Өршөөгөөрэй, та ч гэсэн 317.5 кг-ийн шахсан гэж сонссон. Мөнгөн медаль хүртсэн Украйны тамирчин тантай адил жинг өргөжээ. Тэгсэн атлаа та яагаад хүрэл медаль хүртчихдэг билээ?
-Украйны тамирчин надаас жин бага байсан. Тиймээс шүүгчид надад хүрэл медаль өгсөн байх. 
-Ингэхэд танд тэр том тэмцээнд оролцох эрх яаж ирсэн юм бэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж, амжилт үзүүлсэн тамирчид оролцсон.
-Энэ жилийнх биз дээ?
-Тийм ээ. 
-Та энэ спортийн төрлөөр хичээллээд хэр удаж байна вэ?
-Олон жил болж байна. Өөрөөр хэлбэл, 16 жил хичээллэж байна гэх үү дээ. Харин яг тэмцээнд бол 2010 оноос оролцож эхэлсэн. Дунд нь гараа хугалаад жил өнжсөн. Бусдаар бол тасалж байгаагүй тасралтгүй хичээллэсэн. 
-Пауэрлифтингийн спортын юу нь сайхан болоод ингэтлээ дурлаж, хичээллэдэг юм бэ?
-Бүх спортын суурь нь хүч шүү дээ. Нөгөөтэйгүүр хүчтэй байна гэдэг бол эр хүний бахархал. Монгол эрчүүд бол цаанаасаа цусандаа хүчтэй байдаг. Энэ спортын төрөл манай улсад хөгжөөд удаагүй байхад ийм өндөр амжилт үзүүлнэ гэдэг бол гайхалтай зүйл юм. Дараа, дараагийн тэмцээнээс олон ч тив, дэлхийн аварга төрөх байх. 
-Тэр том тэмцээнээс гурав дахь жилдээ оролцоод л медалийн тавцан дээр зогсоно гэдэг яах аргагүй бахархал юм. Гадны орны тамирчид болон хэвлэлийнхэн монголчуудын талаар юу хэлж, бичиж байх юм бэ?
-Тэмцээнийг мэргэжлийн хоёр тайлбарлагч тайлбарласан. Тэдний ярьж байгаагаар бол “Монголчууд маш их хүчтэй, даанч техник байхгүй” гэж ярьж байсан. 
-Өөрөөр хэлбэл, ямар ч техникгүй хар ухаанаараа л өргөдөг гэж үү?
-Яг зөв. Дээр нь “Бяраараа л өргөдөг. Удахгүй хурдацтай өрсөлдөөнд орж ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолж байсан шүү. 
-Аливаа уралдаан, тэмцээнд оролцохдоо санүүгийнхээ асуудлаа хэрхэн, яаж зохицуулдаг юм бол?
-Наадах чинь үнэхээр хүндрэлтэй. Ихэнхийг нь өөрсдөө л гарган. Харин энэ жилээс л холбооны маань үйл ажиллагаа идэвхтэй болж эхэлж байна. Яг санхүүгийн асуудал дээр ганцхан өөрөөрөө жишээ авч ярих уу.
-Тэг л дээ?
-Би таван жил гадагшаа тэмцээн, уралдаанд оролцсон. Ингэхэд зөвхөн өөрөөсөө 70 орчим сая төгрөг гаргасан байдаг. 
-Пөөх, тийм гэж үү?
-Тийм ээ, хамгийн багаар бодоход шүү дээ. 
-Үнэхээр итгэмээргүй юм аа. Өнөөдөр бид дэлхийд данстай болчихлоо. Цаашид юуг анхаарвал улам их амжилт үзүүлэх боломжтой гэж харж байна вэ?
-Гадны тамирчидтай хамтран ажиллах хэрэгтэй. Ялангуяа өндөр техниктэй Япон, Украйн зэрэг улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх шаардлагатай. Ингэж чадахийн бол дэлхийн аваргын алтан медаль ойрхон байна. 
-Сая тэмцээнд оролцохынхоо хажуугаар ирэх 2018 онд Пауэрлифтингийн мастер ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ, үнэн. 40-өөс дээш насны тамирчид оролцдог мастер ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Энэ бол үнэхээр том амжилт, бидний хичээл зүтгэлийн үр дүн юм. 
-Үнэхээр сайхан мэдээ байна. Цаашдын тань тэмцээн, уралдаанд өндөр амжилтыг хүсье. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж:"Өглөөний сонин"