sonin.mn
Монгол Улсын гавьяат тамирчин, Спортын мастер, Ардын багш Д.Сэрээтэртэй одоогоос дөрвөн жилийн өмнө ийнхүү ярилцаж байлаа. Уншигчид маань түүнийг 1968 оны Мехикогийн Олимпоос хүрэл медаль хүртэж, Олимпийн медалийг эх орондоо авч ирсэн хоёр дахь тамирчин гэдгээр нь андахгүй биз ээ. Ингээд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр багштай хийсэн дурсамж ярилцлагыг дахин хүргэж байна.
 
-Та бол Олимпийн торгон дэвжээнээс хоёр дахь медалийг эх орондоо авч ирсэн тамирчин. Мексикийн Мехико хотноо зохиогдсон 1968 оны Олимпоос хүрэл медаль хүртэж, эх орныхоо далбааг мандуулж зогсохдоо юу бодож байсан бэ?
 
-Өө, тухайн үед их л зүйл бодогдсон байх. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм нэг торгон, сайхан мэдрэмж төрсөн. Хэдэн багш, бас өөрөөрөө их л бахархаж, баярлаж байлаа.
 
-Урьд нь 1964 оны Токиогийн Олимпод оролцчихсон,нэлээд туршлага судалсан байсан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх?
 
-Тэгэлгүй яах вэ, 1961 онд манайд чөлөөт бөх үүссэн гэхэд 1963 оны ДАШТ-д анх удаагаа оролцсон. 1964 оны Токиогийн Олимпоос манай Ж.Мөнхбат долоод, Ч.Дамдиншарав наймд орсон санагдана. Тэр үед гадныхан биднийг “Монголын баг тамирчид дараагийн Олимпод их амжилт үзүүлэх магадлалтай. Гүүний сүүгээр угжуулж өссөн монголчууд дийлдэхгүй нь” гэсэн утгатай нийтлэл, -ярилцлага хүртэл гарч байлаа. Манай айргийг их чанартай, мундаг ундаа л гэж боддог шиг байгаа юм.
 
-Айраг манай брэнд ундаа шүү дээ?
 
-Ер нь айраг хүний биед их сайн. Харин муу тал нь жаахан амьсгаадуулдаг. Бие нялхарч,хөлс их гардаг шүү дээ. Ингээд бид 1964 оны Олимпоос медаль аваагүй ч бяцхан амжилтдаа үнэхээр их урамшсан.
 
-Сэтгэлзүйн хувьд уу?
 
-Тийм ээ, сэтгэлзүйн хувьд. Энэ бүгд 1968 оны Мехикогийн Олимпоос биднийг медаль авахад их нөлөөлсөн гэж ойлгож болно. Тэгээд ч 1968 оны Олимпод бид нэг үеэ бодвол туршлага судалчихсан, бэлтгэл сургуулилт сайн хангагдаад орсон. Урьд нь ДАШТ-д хэд хэдэн удаа ороод тодорхой хэмжээнд амжилт гаргасан төдийгүй нэг Олимпийн наадмыг үзчихсэн байсан. “За Олимп гэдэг нэг иймэрхүү байдаг” гэсэн тодорхой ойлголттой болчихсон байлаа.
 
-Тухайн үед та нарыг Отгонтэнгэрт очиж бэлтгэлээ хийсэн гэдэг юм билээ?
 
-1968 оны Мехикогийн Олимпийн наадамд оролцох бөхчүүд Улсын их баяр наадмын дараахан Отгонтэнгэр ууланд очиж, есөн сар гартал бэлтгэл хийсэн. Тэнд бэлтгэл хийсэн нь Мехико хотын далайн түвшний Зндөртэй адил гэж үзсэнтэй холбоотой. Анх очиход эхний хэдэн хоногт миний. толгрй эргээд, хамраас цус гараад нэлээд хүнд байлаа. Харин аажимдаа дасаад зүгээр болсон. 
 
Отгонтэнгэрийн амралтад хонины тарган мах, тараг, айраг, сүү, цагаан идээгээ идэж уугаад л... Бас ууланд гүйж, хөлбөмбөг тоглож, улмаар бэлтгэлээ маш сайн хийсэн. Төр засгаас ч их анхаарал тавьсан даа. Завхан аймгийн засаг захиргаанаас хүртэл дэмжиж, тусалсан.
 
Отгонтэнгэрийн бэлтгэлд нэг жинд гэхэд хоёр, гурван өрсөлдөгч, бэлтгэл хангагч бөхчүүдтэй олуулаа явсан юм.
 
-Бэлтгэлийн хангамж, орчин тэр үед хүндхэн байсан биз?
 
-Тэр үеийн барилдааны бэлтгэл сургуулилт, заал, хангамж материалыг одоогийнхтой зүйрлэшгүй л дээ. Бид өдөр бүр дэвжээгээ зөөж хураадаг байсан. Тэр үеийн дэвжээ матрасан дээр эсгий дэвсээд даавуугаар бүтээгээд л бол оо. Түүн дээрээ л барилддаг байлаа шүү дээ. Одоо бодоход тэр үеийн дэвжээ хүний биеийн татах хүчийг сааруулдаг байсан юм шиг. Харин одоо бол бүтээлэг нь гялгар, дэвжээ нь маш нимгэн, хөнгөн сайхан болжээ. Бидний үетэй харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай.
 
-Гэсэн ч зөв газраа очиж бэлтгэлээ хангажээ. Тийм ч учраас 1968 оны Мехикогийн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд манай баг, тамирчид гялалзсан амжилтыг үзүүлсэн байх?
 
-Магадгүй. Бид Олимп болохоос арваад хоногийн өмнө Мехико хотод очсон. Эхний хэдэн өдөр бэлтгэл хийхэд уур амьсгал, цаг агаар нь огт нөлөөлөөгүй, ядрахгүй байсан. Харин зарим нэг орны тамирчдад Мексикийн цаг агаар тохирохгүй байгаа нь ажиглагдсан. Тэд ядарлаа, толгой эргэлээ гээд л... Тэр ч бүү хэл ухаан алдаад, дамнуургаар дэвжээнээс буусан тохиолдол хүртэл гарч байлаа. Энэ нь өндөр газрын агаарын даралт, уур амьсгал нь тохирохгүй байснаас үүдэлтэй юм шүү дээ.
 
-Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс шагнал хүртсэн тамирчдаа төр, засгаас их анхаарч, шагнаж урамшуулдаг. Та тэр үед ямар шагнал авч байсан бэ?
 
-За, яах вэ дээ. 1968 оны Олимпод оролцохоос өмнө Ж.Мөнхбат аварга бид хоёр гавьяат авчихсан байсан. Харин Ч.Дамдиншарав, Т.Артаг хоёр гавьяат аваагүй байлаа. Биднийг Олимпоос медаль аваад ирэхэд төрөөс 3000 төгрөг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгч байлаа. Уг нь тэр үед Ч.Дамдиншарав, Т.Артаг хоёрт гавьяат өгөх ёстой байсан юм. Гэтэл одоо Олимпоос битгий хэл зүгээр нэг тэмцээнээс медаль аваад ирсэн тамирчинд яаж хандаж байна.
 
-Тийм шүү. Харин та яаж гавьяат болсон юм бэ?
 
-ОХУ-д явагддаг тэмцээн нь бараг ДАШТ-ээс ч илүү болдог байсан. Тус тэмцээний түүхэнд гадаадын тамирчин түрүүлж байгаагүй. Харин би тэр тэмцээнд түрүүлсэн юм. Тэр үед БТСХ-ноос гавьяат өгнө гэж байсан ч өгөөгүй. Г авьяатыг төрийн зарлигаар өгдөггүй байлаа шүү дээ. БТСХ өгдөг байсан. Тэгээд 1968 оны хавар  бас л нэг том тэмцээнд орсон. Болгарт болдог тэр тэмцээнд түрүүлээд ирвэл надад гавьяат өгнө гэдэг юм байна. Тэгэхээр нь би тухайн үед БТСХ-ны дарга байсан Н.Норолхоод “Та өгч чаддаг юм бол би түрүүлж чадна” гэж хэлсэн.
 
-Урьд нь гавьяат өгнө гэчихээд өгөөгүй болохоор та жаахан шарлахжээ дээ, янз нь. Тэгээд яасан бэ?
 
-Гараад би бодлоо л доо. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө амнаас жаахан айхгүй юу. Үнэхээр урьд нь өгнө гэчихээд гавьяатаа өгөөгүй болохоор хүн чинь мэдээж гомдоно. Харин азаар би хэлсэн үгэндээ хүрч түрүүлсэн. Н.Норолхоо дарга ч гэсэн амандаа хүрсэн. Би ингэж л гавьяат болж байлаа.
 
-Ер нь та их шартай хүн юм аа даа. Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв. Таны үеийнхэн голдуу адуу малтай хөөцөлдөж өссөн. Энэ нь бөх болоход, мөн амжилт үзүүлэхэд нөлөөлдөг байх гэж бодогдлоо?
 
-Би багын л хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Адуу малтай их ноцолдоно. Эмнэг, догшин адууг сургахад хүнээс ихээхэн эр зориг шаардана. Дээр нь гар хөлийн тэнхээ, нүдний хараа сайжирдаг юм. Хамгийн гол нь хүний мэдрэмж их сайн болдог юм билээ. Эдгээр зан чанарыг адуу мал л хүнд төлөвшүүлдэг гэж би боддог. Өөрөө ч хөдөлгөөнтэй, дээр нь малтай хөөцөлдөж, ноцолдож өссөн болохоор энэ бүхэн үндэсний бөх, тэр дундаа чөлөөт бөхөөр хичээллэх эхлэл болсон байх гэж надад санагддаг юм. Би уурга их алддаг байлаа. Уурга алдана гэдэг чинь муугийн л шинж. Анхандаа уургаа алдчихаад, эмээл хазаараа эвдээд гэртээ ордог байлаа.
 
-Харин дараа нь?
 
-Сүүлдээ дасаад уу, яасан уурга алдах минь багассан. Одоо бодоход тэр хэмжээгээр надад бяр тэнхээ, хурд, авхаалж самбаа сууж эхэлсэн байх.
 
-Таныг их шаламгай, хамгийн хурдтай, олон угсраа мэхтэй бөх байсан гэдэг юм
билээ?
 
-Чөлөөт бөх, үндэсний бөх хоёрт хамгийн хурдтай барилдаантай гэж нөхөд маань хэлдэг. Би өөрийнхөө хурдыг яаж мэдэх билээ. Үндэсний бөхийн зогсожбуй зураг байхаас мэх хийж байгаа барилдааны зураг огг байдаггүй. Чөлөөт бөхөд ч мөн адил. Хурдтай байхгүй бол надад унах хүн олдохгүй шүү дээ. Яагаад гэвэл дандаа надаас жин ихтэй, чац мөч том бөхчүүд байдаг болохоор хурдаар илүү байж л өрсөлдөгчөө давна.
 
Бас бэлтгэл сайн учраас огт ядардаггүй байж. Энэ нь миний багш нар, бэлтгэл хангагч нарын маань хичээл зүтгэл, ач буян гэж боддог. Бас нэг онцлог гэвэл би их хөлөрдөг. Тэгээд өрсөлдөгч маань намайг барих гэхээр гар нь халтираад байдаг. Ганц минут ч бололгүй хөлс урсаад бие шал нойтон болчихдог нь надад байгалиас заяасан онцлог юм болов уу. Эцэж ядрахгүй, норж орхихоор сэжиглээд л допингийн шинжилгээ авна. ДАШТ-ий нэг барилдаан дээр гурван удаа допингийн шинжилгээ авсан тохиолдол ч бий.
 
-Хөгжилтэй ч юм аа даа?
 
-Тийм ээ, гэхдээ одоо тэр бүх зүйл дурсамж л болж.
 
-Өнөөгийн чөлөөт бөхийн амжилт, хөгжлийн талаар юу хэлэх вэ. Өнөөдөр чөлөөт бөх уналтад орчихсон шүү дээ?
 
-Нэг үеэ бодвол манай чөлөөт бөхийн холбоо хөдөлгөөнд орж байна. Шинэч-лэгдэж, өөрчлөгдөж байна гэхэд болно. Харин уналтад орчихсон гэдэгтэй би огт санал нийлдэггүй. Чөлөөтийнхөн дотроо эв нэгдэлгүй байгаа учраас өнөөдөр бид ард түмнээсээ “уналт” гэдэг үгийг сонсоод сууж байна.
 
Нэг үгээр хэлбэл бидний үед багш шавийн уялдаа, тамирчдын хоорондох нөхөрлөл бат бөх байсан. Өнөөдөр энэ уялдаа алдагдсанаас болж чөлөөт бөхийн тамирчид амжилт үзүүлэх нь* багассан. Харин одоо тэр үеийг сэргээж эхэлсэн, 70 хувьтай л явж байна.
 
Эх сурвалж: “Өглөөний сонин”