sonin.mn
Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадам болон ДАШТ, Ази тив, олон улсын тэмцээнд спортын олон төрөлд эх орныхоо нэрийг мандуулан дуурсгасан Монголын тамирчид энэ сарын 3-ны өдөр уламжлал ёсоороо “Тамирчдын өдөр”-ийн баяраа Чингисийн талбайдаа өргөн тэмдэглэнэ.
 
Өнөөдөр Спортын төв ордны 4 давхарт Монголын тамирчдын баярын өдрийг хэрхэн тэмдэглэх тухай болон "Азийн хүүхдүүд" /Дети Азий/ наадамд оролцох баг тамирчдаа үдэх гаргах талаар Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга, доктор Д.Жаргалсайхан тэргүүтэй удирдах ажилтнууд мэдээлэл хийв.
 
“Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн тамирчин, багш, дасгалжуулагч, ажилтан, албан хаагч, удирдах ажилтнууд, ахмадууд, спортын зүтгэлтэн, спорт сонирхогч, хөгжөөн дэмжигч та бүхэнд “Тамирчдын өдөр”-ийн гал цогтой халуун баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Манай салбарын хамт олон 2016 оны эхний хагас хагас жилд дэлхий, тив, ОУТ-үүдээс олон зуун медаль хүртлээ.
 
Үүнээс “Рио-2016” олимпийн наадамд бэлтгэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчид алт 33, мөнгө 33, хүрэл 60 нийтдээ 126 медалийг хүртээд байна. Монголын тамирчид олимпийн түүхэнд байгаагүй хамгийн олон эрхээ аваад байгаа бөгөөд Бразилийн Рио де Жанейро хотноо болох олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор жүдо 13, чөлөөт бөх 9, бокс 6, хөнгөн атлетик 4 /IAAF/ Олон улсын хөнгөн атлетикийн холбооны батламж хүлээж байгаа/, буудлага спорт 3, таеквондо, хүндийг өргөлт, байт харваа тус бүр нэг  нийт 38 тамирчин эрх авах нь тодорхой болоод байна.
 
Мөн усанд сэлэлтийн төрлөөр 2 тамирчин  ОУОХ-ны урилгаар оролцохоор болж Монголын ард түмэн 40 тамирчнаа олимпийн наадамд илгээхэд бэлэн байна.
 
Монголын паралимпийн тамирчид “Рио-2016”  паралимпийн наадамд пара байт харваа 3, пара жүдо бөх 2, пара буудлага 1, пара хөнгөн атлетик 1, пара пауэрлифтинг 1 тамирчин 11 төрөлд нийт 8 тамирчин эрхээ баталгаажуулж Монголын тамирчдын баяраа угтаж байна” хэмээн гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан онцоллоо.
 
Энэ үеэр БТСХТ-ийн Үндэсний шигшээ баг, Нийтийн биеийн тамир, спорт, БТС-ын эрдэм шинжилгээ, судалгаа болон анагаах ухаан, эмнэлгийн салбарын удирдах ажилтнууд хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон үр дүн, зорилтын талаар танилцууллаа.
 
Мөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар оролцож БТСХТ-тэй спортын сэтгүүлчид хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар сонирхуулсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг