sonin.mn
Барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран байг, Унаач хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хүлэг нь хурдан байг,  Харвах мэргэчүүдийн сум нь ончтой байг... хэмээн ерөөдөг монгол наадам айсуй.
 
Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой. 
 
Эх сурвалжид өгүүлснээр наадам “хуран сар”-д болдог байж, энэ нь долдугаар cap хавьцаа болов уу. Наадамд олон арван алд газар сум тавьсан мэргэн харваачийг тэмдэглэсэн нь ч бий. Талаар нэг тарж байрласан, тэгээд ч байнга нүүж, нүүдэл нь биенээс нь зугтаалгадаг байсан монголчуудад цуглаж уулзах маш том далим нь наадам байжээ.
 
Тогтмол үйлдэж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Энэ жил Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.
 
Хамгийн том Даншиг 1696 онд Долоннуурт болжээ. Энэ үеэс “Түмэн эх” дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна. Халх Манжид дагаар орж, Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо сэргээх хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаг юм.
 
Нүүдэлчид хэдэн мянганы турш Хангайн нуруунд Орхоны хавиар нийслэлддэг байжээ. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос, Хятадын худалдааны гол боомт нь Хиагт болжээ. Бээжингээс Сибирь хүрэх замын хамгийн тохиромжтой буудал нь өнөөгийн Улаанбаатар. 
 
Учир нь энэ бол Сибирийн их уулсын хамгийн өмнөд цэг. Богд уулаас урагш Цагаан хэрэм хүртэл уудам говь тал хязгааргүй үргэлжлэнэ. Газар зүйн энэ тохиромжтой байдал нь Монголын нийслэлийг Туул голын хөвөөнөө байгуулах үндсэн шалтгаан болсон бололтой. 
 
Шашны тэргүүнээ дагаж нүүдэг нийслэл XVIII зууны дундуур Туулын хөвөөнөө дөрвөн уулын дунд ирж байрламагц оросууд энд консулаа тогтмол суулгах болжээ. Богд ч Хангайн нуруугаа орхин шинэ газар суурьших болсон тул уул, ус аргадаж тахих шаардлага гарсан байна. Ингээд 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийжээ. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. 
 
Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос тогтмолжин төрийн наадам боллоо. Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам хийж үндэсний баяраа тэмдэглэдэг байлаа. 
 
Юутай ч Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийсэн бөгөөд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1922 оноос Цэргийн наадам нэрээр тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг “Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж, зуны тэргүүн сарын 6-нд наадах”-аар заасан байна. 
 
Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд Вандан аварга түрүүлсэн аж. Хаан нас барсны дараа Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулан явуулах шийдвэр 1925 оны 5 дугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарчээ. Наадмын товыг “7 дугаар сарын 11” хэмээн зааснаас ийм огноо анх үүсчээ. Тэр үед “Ардын наадам” гэж нэрлэдэг байлаа. Аргын тооллын 7 дугаар сарын 11 гэсэн нь цэвэр тохиолдлын огноо юм.
 
1946 оны 1 дүгээр сарын 6-нд Хятад улс, мөн оны 2 дугаар сарын 28-нд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр монголчуудын олон жил зүтгэж тэмцсэн тусгаар тогтнолын их үйлс ялалтад хүрч, хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс боллоо. Тэр жил нь 1921 оны үйл явдлын 25 жилтэй давхцаж байв. Наадмыг энэ үеэс “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.
 
МОНГОЛ БӨХ
 
 
Одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумийн Дэл хөнжлийн ууланд монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсныг гэрчлэх хадны сүг зураг бий. Энэ зураг хүрлийн үеийн түүх дурсгалд хамаардагаж. Тэгэхээр монгол бөхийн барилдаан 7-11 мянган жилийн өмнө үүссэн байна. Зарим судлаач үүнээс ч өмнө үүссэн төдийгүй, тухайн үед эрийн гурван наадам зохион явуулдаг байсан. Гэхдээ морь уралдах, нум сум харвах, бөх барилдах нь Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэдэгт дийлэнх эрдэмтэд санал нэгддэг аж.
 
Монгол бөхийн зодог цэнхэр өнгөтэй байдаг нь мөнх хөх тэнгэр, улаан шуудаг нь монгол бөхийн гал голомт тасрахгүй гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Түүхийн сурвалж бичгээс үзвэл зодог, шуудаг зарим цаг үед шашны янз бүрийн номлолын бэлгэдлийг агуулж, өөр өөр өнгөөр урлахад хүргэж байсан аж. Харин Ардын хувьсгал ялсны дараа улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болов. Энэ нь хувьсгалт үзэл санааг дээдлэх нэг хэлбэр байсан гэж эрдэмтэд тайлбарлажээ.
 
Харин монгол бөхийн цол өнөөгийн судлаачдын таамагласнаар 1600 гаруй жилийн тэртээ үүсчээ. Тэгвэл бидний мэдэх цолыг XI зууны сүүлчээс эхлэн харцага, бүргэд, гарьд, шонхор гэх зэрэг нэртэй цолыг өгч байжээ. XIII зуунаас начин, заан, арслан, аварга нэрээр цоллож иржээ. Ингэхдээ эдгээр том цолыг шөвгөрсөн бөхчүүдэд олгож байсан уламжлал өнөөг хүртэл уламжлагдсан байна. Харин XVIII зуунаас цолны чимэг үүсчээ. 
 
Сонирхолтой баримтууд
 
 
1921 оноос хойш зохиогдсон наадмын үндэсний бөхийн төрөлд Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын наадамд 11 удаа түрүүлж, хамгийн олон түрүүлсэн бөх юм. Харин түрүү бөх хараахан тодроогүй 7 аймаг байдаг нь Баян-Өлгий, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул, Орхон аймгууд юм.
 
1921 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Ду.Дамдин түрүүлснээс хойш 92 жилийн дараа 2013 онд тус аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр аварга түрүүлсэн нь хамгийн урт хугацааны дараах түрүү болсон.
 
Хамгийн олон жил өнжиж, түрүү авсан бөх бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, улсын аварга Д.Хадбаатар билээ. 1976 онд эхний түрүүгээ авч байсан бол 10 жилийн дараа буюу 1986 онд хоёр дахь удаагаа улсын наадамд түрүүлсэн.
 
Харин Увс аймгийн Хяргас сумын харьяат Дархан аварга Х.Баянмөнх 10 түрүүлсэн бөгөөд анх 1968 оны наадмын түрүү бөх болж байсан бол сүүлд 1987 он буюу 19 жилийн дараа 10 дахь удаагаа түрүүлж байжээ.
 
Харин хурдан морины хамгийн нь улсын наадамд 4 удаа түрүүлсэн Ж.Шийтэрийн зээрд азарга юм. Мөн уяачдын дундаас Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүүгийн уясан морьд хамгийн олон буюу 16 удаа түрүүлж байсан. Хурдан морины бүх насны ангилалд нийт 276 түрүүг Төв аймгийн хурдан хүлгүүд авсан байдаг. Харин Архангай аймгаас Улсын наадамд нийт 9 бөх түрүүлсэн, хамгийн олон түрүү бөхтэй аймаг юм.
 
ХУРДАН МОРЬ
 
 
Монголчуудын адууг эдлэх соёлын оргил нь хурдан морины уралдаан юм. Нүүдэлчдийн соёлын хөгжлийн жамаар хүн адууг зөвхөн үйлдвэрлэл, дайн, байлдааны хэрэгсэл төдийгүй, баяр цэнгэлийн нэгэн хэрэгсэл болгосон нь нэн эртнээс үүсэлтэй.  Хурдан морины уралдааны тухай Хүннү гүрний үеэс тэмдэглэсэн байна, МЭӨ I-III зууны үед монголчууд хурдан морь уяж, уралдуулж байсан тухай цадиг түүх бичиг өгүүлдэг. 
 
Эртний “Судар тэмдэглэл”, “Зүүн Хан улсын бичиг”-т “Хүннү гүрний үед цагаан cap (таван cap), намар цугларч тэнгэр газар, өвөг дээдэс сахиустныг тахих буюу хүн ам, мал унаагаа бүртгэн үздэг, хуримлан найрлаж морь давхиулан, тэмээ уралдуулан нааддаг, цэнгэлддэг байв” хэмээн өгүүлжээ.
 
Монголчууд таван хошуу малаа өсгөх, адуулах, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга, мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон юм. Ийнхүү морин уралдаан нь амьдралын хэрэгцээ баяр наадмын гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай цэнгэл болсон байна.
 
Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс журам өвөрмөц онцлогтой. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч, олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд бас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг.
 
Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засч бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Тэгэхдээ уул, ус, замын бартаа, замын өгсүүр зэрэг газар орны онцлогоос шалтгаалан энэ зам нутаг нутагт ялимгүй өөр байх нь бий.
 
Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. 
 
Цамцны ар, өвөр, өмдний өвдөг, малгайн урд талд хорол, чандмань, таван хошуу, өлзий зэрэг хээ, шувуу, эрвээхэйн дүрс урласан байдаг нь ялган таних тэмдэг болдгоос гадна баатар чадал, алдар суу, хөнгөн хурдныг бэлэгдсэн зан үйлийн зориулалттай юм. Өөрөө хэлбэл эрвээхэйн дүрс бол хүүхэд хөнгөн байх, нисч яваа шувуу нь морь хурдан байхыг бэлгэдсэн байдаг.
 
Мөн хурдан морины гөхөл, сүүлийг үзэмжгэй сайхнаар засч янзлан боодгоос гадна уралдаад ирэх үед нь хөлс хусах хусуур, сойз мэтийг гоё чимэглэлтэй хийж, хүлгийн хүч чадлыг бэлгэдсэн хээ угалзаар чимэглэдэг байна. Тухайлбал хурдан морины хусуур нь дөрвөн хүчтэн, өлзийт найман тэмдэг зэрэг зөн бэлгэдлийн утга бүхий хээтэй байдаг.
 
СУР ХАРВАА
 
 
Нум сум бол эртний монгол цэргүүдийн голлох зэвсгийн нэг билээ. Хүннү, Сүннүгийн үед сурын харвааг эрийн гурван наадмын төрөлд багтаажээ. Их Монгол улс 1224 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Буга Сочих гэдэг газар хийсэн наадамд Хасарын хүү Эсэхий мэргэн 335 алд (502.5 метр) газраас байг амжилттай харваснаар түрүүлж байжээ.
 
Энэ бол сурын харвааны түүхэн дэх хамгийн хол зайд амжилттай харвасан тохиолдол гэдгээрээ гадныхны сонирхлын төвд байдаг. Монголчууд нум сумыг чулуун зэвсгийн үеэс эхлэн чадамгай эзэмшиж, хавчаахай нумтай чулуун зэвтэй сумтай байжээ. Харваачид тэмцээн явуулахдаа зэвтэй сумаар гол төлөв нэхий харваж байсан аж. Харин газрын хэмжээг тогтоосон тодорхой заалт байсангүй. Хэн хатуу том нум барьж холд хүчтэй, мэргэн харваж оносон нь тэргүүн байрт ордог байжээ.
 
Сурын харваа нь Монгол наадмын нэг төрөл боловч Манжийн дарлалын үед монголчуудыг цэргийн эрдэмд боловсрохоос сэргийлж сарампай харвах мэт зарим төрлийг нь хоригложээ. Харин энгийн харвааг нь хориглож чадаагүй аж. Мөн Богд хаант улсын үед сурын харваа сэргэж, цэргийн бэлтгэл, эгэл наадмын утгатай болсон байна.
 
ШАГАЙ НААДААН
 
 
Хубилай хааны үед шагай харваж байсан тухай Хятадын эртний “Шар зурхай” номонд өгүүлсэн байдаг аж. Түүнчлэн, Монголын нууц товчоонд Тэмүүжин, Жамухтай анд барилцаж байхдаа шагайн харваагаар наадаж байжээ.
 
1990 оноос хойш шагайн харвааг эрчимтэй хөгжүүлж, 1999 оноос Улсын баяр наадмын төрөлд багтаажээ. Эртний монголчууд шагайн харваагаар наадах нь оюун ухааныг төвлөрүүлэхэд ач тустай хэмээн үздэг байжээ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин