sonin.mn
“Рио-2016” олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” брэнд хувцсыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар “Евро-Ази” компанийн захирал Д.Пүрэв- Очир, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Э.Бадар- Ууган нар өчигдөр танилцуулав.
 
“Теам Mongolia” брэнд хувцасны лого нь Хүннүгийн үеийн морин сүлд буюу цагаан соёолонг бэлгэджээ. Логоны талаар МУИС- ийн хүндэт доктор, Монголын эрдэмтэн зохион бүтээгчдийн үндэсний академийн тэргүүн Л.Дуурсах “Одоогоос 3000 жилийн тэртээ Хүн гүрний үед Монголын анхны тулгар төрийг байгуулахад төрийн таван сүлд бүтээсэн юм билээ. Энэ сүлдийг Чингис хааны үед сайжруулж, төрийн таван сүлд хэмээн зарласан байдаг. Үүний нэг болох морин сүлд буюу цагаан соёолон бэлгэдсэн логог Монголын баг тамирчдын хувцсанд ашиглалаа. Уг лого нь соёолон морийг өндөр уулан дээрээс авсан дүрс зураг юм. Үүнийг албажуулж, төрийн сүлд болгохдоо өлзий хээгээр буулгасан гэдэг. Үүнээс хойш манай шигшээ багийн тамирчид ийм логотой хувцсаа олимп болон тив дэлхийн тэмцээнд өмсч оролцохоор боллоо” гэсэн юм. 
 
Уг логог шар өнгөөр илэрхийлсэн байна. Манай Улсаас гадна БНХАУ-ын тамирчид өөрийн улсын төрийн далбаатай адилтган шар өнгийн хувцсаар “Рио 2016"-д гоёх юм. Үүнээс үүдэн Хятадыг дууриаж логогоо шар өнгөөр солилоо гэх шүүмж гараад байгаа. 
 
Үүнд “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир “Алтан медалийг илэрхийлэх өнгө учраас шар өнгийг бид сонгосон. Ер нь спортын амжилт хувь хүний зүтгэл, тухайн улс орны дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын судалгаа зөвлөмжийн үндсэн дээр бий болдог. Бид ихэс, дээдсээс уламжилж ирсэн үнэт логоныхоо
төрхииг хадгалах нь чухал юм. Тэрнээс өнгө чухал биш. Хэрэв бизнесийн чиглэлээр бол ёслолын хувцас заавал алтан шаргал өнгөөр биш хувцасны өнгөөр жигдэрч цаашид үргэлжлэх ёстой. Үүний бизнес төлөвлөгөө гарсан байгаа. 
 
Логоноос гадна манай орны тамирчдын олимпын ёслолд өмсөх хувцас мөн шар өнгөтэй. Энэ нь мөн л шүүмж дагуулаад байгаа юм. Энэ талаар “Олимпын хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар “Бээжингийн олимпод Хятадын эмэгтэй тамирчид шар хувцсаар гоёсон. Бид үүнийг дууриасан юм биш. Зөвхөн алтан медалийг бэлгэдэж энэ өнгийг сонгосон. Аль улс ямар хувцастай байх нь хамаагүй. Бид өөрсдийн мөрөөдөл, хүслээр явна. Цаашид ч энэ зорилгынхоо дагуу өнгөө өөрсдөө сонгоно” хэмээн ярилаа. 
 
Олимпын ёслолд өмсөх тус хувцсыг “Шилмэл загвар” ХХК- ийнхан зохион бүтээсэн. Харин бэлтгэлийн иж бүрэн хувцсыг “Asics” брэндээс худалдан авчээ.
Ёслолын хувцсыг өнөөдөр 11:00 цагт Чингисийн талбайд болох Монгол Улсын багтамирчдыг үдэх ёслолын үеэр гардуулан өгөх юм байна.
 
Эх сурвалж: