sonin.mn
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн хүүхдийн VI их наадам ОХУ-ын Саха улсын Якутск хотноо  энэ сарын 5-17-нд  болж, манай улсаас 200 орчим  өсвөрийн тамирчид оролцоод ирлээ. “Азийн хүүхдүүд” их наадмын сонирхогчийн боксын  охидын 52 кг-ын жинд алтан медаль хүртсэн О.Энхмаатай ярилцлаа.
 
-Азийн их наадмаас алтан медаль хүртэж  аварга болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?
 
- Баярлалаа. Азийн их наадамд эх орноо төлөөлж оролцсон өсвөрийн тамирчид, тэр дундаа  боксын төрлөөр оролцсон 11 хүүхэд   амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаад ирлээ. Бидний бэлтгэл сургуулилтыг сайн хийлгэсэн болон удирдаж авч явсан  багш, дасгалжуулагчид, найз нөхөд, аав ээж, ах эгч нартаа  баярлалаа. 
 
 
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
 
-Финалын тэмцээн  ихээхэн өрсөлдөөнтэй болсон. Казахстаны тамирчин  маш хүчтэй өрсөлдөгч байлаа.
 
-Ингэхэд боксын спортоор хэдэн жил хичээллэж байна?
 
-Дөрвөн жил гаруй болж  байна. 11 настайдаа  энэ спортыг сонгож хичээллэсэн.
 
-Энэ хүртэл ямар амжилт үзүүлж байв?
 
-2014 онд Спортын дунд сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл” тэмцээнээс хүрэл медаль хүртэж урамшиж байлаа. 2015 онд Монголын хүүхдийн их наадмаас алт, Өсвөрийн УАШТ-нээс мөнгө, “Дархан Cup”  олон улсын тэмцээнээс хүрэл, Залуучуудын УАШТ-ээс хүрэл, 2016 оны залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль  хүртсэн. 
 
-Анхны багш, дасгалжуулагч  хэн бэ?
 
-Спортын төв ордонд Н.Галтбаатар багшийн удирдлагад боксоор хичээллэж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл явж байна.
 
-Багшийн чинь хэлдэг, чухалчилж захидаг үг юу вэ?
 
-Багш маань үг цөөнтэй хүн дээ. Ялагдсан ч сайн тоглосон бол урамтай, ялсан ч муу тоглосон бол сэтгэл дундуур байгааг нь багшийнхаа  харцнаас олж хардаг. Азийн хүүхдийн наадамд орно гэж багш бид хоёр жилийн өмнөөс бэлт­гэ­сэн. Зорь­сондоо хүр­сэндээ баяртай байна.
 
 
-Боксын спортыг сонирхож хичээллэхэд юу нөлөөлөв. Гэрийнхэн чинь хэр дэмждэг вэ?
 
-Өөрийнхөө сонирхлоор орсон. Аав, ээж, ах гурав намайг шууд дэмжсэн, харин эгч маань  жаахан дурамжхан байсан.
 
-Бокс спортын  хүнд төрөл. Шантрах үе гарна биз?
 
-Шантрах үе олон гарна. Ер нь тэсвэр тэвчээр их шалгадаг спорт. Тэр болгоныг  тэвчиж, зорьсондоо хүрэх гэж хичээж  байна.
 
-Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?
 
-Хэдхэн хоногийн дараа Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болно. Түүнд бэлтгэж байна.
 
-Амжилт хүсье. Аварга болоорой.
 
 
 
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: