Хөлбөмбөгийн "Дэрэн" клубын 18 настай хагас хамгаалагч Г.Гантогтох "Улаанбаатар сити" клубт гурван сая төгрөгөөр очжээ. Энэ манай хөлбөмбөгийн түүхэнд хийгдээд байгаа тамирчныг үнэлсэн наймаануудаас хамгийн үнэтэйд энэ наймаа тооцогдож байна.
 
Манай хөлбөмбөгийн спорт сүүлийн гуравхан жилийн дотор асар хурдтай хөгжиж байгаагийн нэг тод жишээ энэ боллоо. Энэ зуны солилцоо наймааны хамгийн үнэтэй наймаа нь "Дэрэн" болон "Улаанбаатар сити" багуудын хооронд болсон байна.
 
Анх 2009 онд "Дэрэн" клубт элсэн орсон Г.Гантогтох өнгөрсөн жил дээд лигт тоглосон туршлагатай хөлбөмбөгчин болжээ. Дээд лигийн улирлын турш гарааны бүрэлдэхүүнд багтаж, өөрийгөө ямар тоглогч гэдгийг харуулсан энэ залуу тамирчин хувийн шалтгааны улмаас энэ жилийн лигийн эхэнд тоглоогүй юм.
 
Төвийн хагас хамгаалагч заримдаа төвийн хамгаалагчийн байрлалд ч тоглох чадвартай залуу хөлбөмбөгчин шинэ багтайгаа 2-4 жилийн гэрээ байгуулж тоглох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг