sonin.mn
БУЭНОС-АЙРОС./Xinhua/. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро өнгөрсөн баасан гарагт таалал төгссөнд Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона ихэд гашуудаж байгаагаа илэрхийлээд "тэрбээр миний хувьд хоёр дахь аав минь байсан юм” хэмээн дурсан ярилаа.
 
Марадона Аргентин-Хорватын теннисний багуудын хооронд болсон Дэвисийн цомын шигшээ тоглолтыг үзэхээр Хорватад ирсэн бөгөөд тус улсын хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна. Марадонагийн хэлснээр, Кастро таалал төгссөн нь түүнд төрсөн эцэг эхээ алдсан мэт их уй гашууг авчирчээ.
 
Марадона “Тэр хүн надад зөвлөгөө өгч, хар тамхины талаар надтай ярилцдаг байсан юм. Тэр бээр миний хувьд хоёр дахь аав минь мэт санагддаг байсан. Би Кубад 4 жил амьдарсан. Миний үхлийг харахыг хүсээгүй учраас Аргентины эмнэлгүүд хаалгаа бариад байсан тэр үед Ф.Кастро надад эмнэлгийн хаалгыг нээн өгч байлаа” хэмээн ярьжээ.
 
Хөлөн дээрээ Ф.Кастрогийн дүр бүхий шивээс хийлгэсэн Марадона “миний төлөө хийсэн бүхнийх нь төлөө би түүнд талархмаар байна” гэжээ.
 
9 хоногийн гашуудал дууссаны дараа 12 дугаар сарын 4-нд Кастрогийн чандрыг Сантьяго-де-Куба хот дахь "Santa Ifigenia” гэдэг оршуулгын газарт Хосе Марти нарын зэрэг Кубын үндэсний баатруудын шарилын дэргэд нутаглуулах ажээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг