Пара цаначин Д.Ганболд ДАШТ-ий энэ сарын 16-ны өдөр пара цанын гүйлтийн сонгомол техникийн 20 км-ын зайд уралдаж, есдүгээр байрт шалгарлаа.
Германы Финстерау хотод пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-20-ний өдрүүдэд болж байна.
 
Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд хурд, хүчээ сорьж байна. Тэрбээр энэ сарын 12-ны өдөр 1,5 км-ын спринтэд уралдаж, 11 байрт орсон юм. Энэхүү ДАШТ нь Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд оролцох эрхийн оноо авахад нөлөөлнө.
 
Тус тэмцээний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-нд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн оноог ахиулахын төлөө өрсөлдөх юм. Б.Ганболд паралимпийн наадамд оролцоход 180-аас дээш оноо авах ёстой бөгөөд одоо түүнд 50 оноо авсан байхад л “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох эрхтэй болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг