sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тэшүүрийн спортын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ууганбаатар допингийн шинжилгээний Б сорьцод орох хүсэлтээс татгалзаж, хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ. 
 
Тэрбээр энэ жилийн /2017/ УАШТ-д оролцох үедээ хориотой бодис /Meldonium/ хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоныг Монголын тэшүүрийн холбоо /МТХ/-ноос мэдэгдсэн юм. Ийм тохиолдол Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гарсан анхны тохиолдол боллоо. МТХ-ноос насанд хүрэгчдийн 2017 оны УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулахдаа өндөр амжилт үзүүлсэн таван тамирчнаас допингийн шинжилгээг авчээ. МТХ-ны Удирдах зөвлөл одоогоор хуралдаагүй байгаа бөгөөд Б.Ууганбаатарт ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байна.
 
Б.Ууганбаатар нь 2017 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм. Тэрбээр 28 настай, "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Б.Ууганбаатар Үндэсний шигшээ багт багтаж, улсын олон удаагийн дээд амжилтын эзэн болж байв.
 
Дашрамд сонирхуулахад, Допингийн төрөлд тооцдог эм, бэлдмэлийн буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн хориотой эмийн жагсаалтад тамирчдын бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон, тухайн спортоос хамааруулан хэрэглэхийг хориглосон бодис ба аргууд гэсэн гурван хэсгээс бүрддэг.
 
Иймд Б.Ууганбаатарын хэрэглэсэн мельдониум нь инсулинтэй адил үйлчилгээтэй буюу WADA-гаас гаргасан “Бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон” бодисын гормон, бодисын солилцоог идэвхижүүлэгч /S4/ ангилалд багтжээ.
 
Тамирчдад бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон бодисын төрлийг танилцуулахад SO буюу батлагдаагүй бодис, S1-Анаболик строид, S2-Пептид, өсөлтийн гормон, S3-Бета 2 агонист, S4- Гормон, бодисын солилцоо идэвхжүүлэгч,S5 шээс хөөх бодисууд ордог байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг