sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пенчан хотод болсон Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр 2020 оны зуны Олимпын наадмын хүрээнд болох бейсбол болон софтболын тэмцээнийг 2011 онд цунамид өртсөн Фүкүшима хотод зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.
 
Тэмцээнийг бейсболын “Азума” талбайд явуулах юм. 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга, Японы Ерөнхий сайд асан Ёширо Мори хэлэхдээ “Токиод болох Олипмпын наадам болон Фүкүшимад болох тэмцээн нь Фүкүшимагийн бүс нутаг маань 2011 оны байгалийн гамшгийн дараа хэрхэн сэргээн босгосныг дэлхийн олон нийтэд харуулах болно” гэж онцоллоо.
 
Дашрамд дурдахад, ОУОХ каратэ, серфинг, бейсбол/софтбол, хаданд авиралт болон скейтбордингийн төрлүүдийг 2020 оны Токиогийн Олимпын наадмын хөтөлбөрт оруулсан билээ. Уг шийдвэрийг Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын өмнөхөн 2016 оны 8 дугаар сарын эхээр болсон ОУОХ-ны 129 дүгээр хуралдааны үеэр гаргасан байна. Дээрх спортын төрлүүдийг Олимпын наадамд оруулснаар эдгээр төрлүүдийн 474 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг