НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн боксчин Флойд бага Мэйуэзер ирээдүйд NBA-ийн нэг клубын эзэн болох гэж байгаа ажээ. Энэ тухайгаа тэрбээр ESPN телевизэд ярьжээ.
 
Тамирчны ярьснаар, сагсан бөмбөгийн клуб удирдах боломжтой болсноор түүний мөрийтэй тоглоом тоглох, тухайлбал спортын үйл явдалд бооцоо тавих муу зуршлаасаа ангижрах ажээ.
 
“NBA-ийн клубыг авмагцаа л би бооцоо тавихаа шууд болино. NBA-ийн клубтэй хүн бооцоо тавиад байхгүй шүү дээ, тиймээс л би клубтэй болох тэр мөчөө тэсч ядан хүлээж байна. Хэдийгээр би ямар клубыг авахаа мэдэхгүй байгаа ч гэсэн энэ үйл явдлыг тэсч ядан хүлээж байна” хэмээн өдгөө 40 настай боксчин ярьжээ.
 
"Forbes"-ын мэдээллээр, Ф.Мэйуэзер 340 сая долларын хөрөнгөтэй, тэгтэл NBA-ийн хамгийн хямдхан клуб 750 сая долларын үнэтэй байдаг байна. Хэрвээ Ф.Мэйуэзер 8 дугаар сарын 26-нд Лас-Вегас хотод болох Дэлхийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнд /UFC/ Конор Макгрегорыг ялсан тохиолдолд түүний орлого 1 тэрбум доллар давах ажээ.
 
Ф.Мэйуэзер бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой боксчин бөгөөд тэрбээр мэргэжлийн рингэнд 49 ялалт /26 нь нокаут/ байгуулж, нэг ч удаа ялагдаж байгаагүй байна. Ф.Мэйуэзер боксын бүх таван жинд дэлхийн аварга болж байсан төдийгүй 1996 оны Олимпийн хүрэл медаль хүртэж байжээ. 2015 оны 5 дугаар сарын 2-нд Филиппиний боксчин Мэнни Пакьякотой хийсэн халз тулаанд Ф.Мэйуэзер ялалт байгуулж, боксын түүхэнд байгаагүй их шагнал болох 210 сая долларыг авч байсан юм.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг