sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт бөхийн холбооны “Онц их хурал” зохион байгуулах Түр хорооны төлөөлөгчид хэвлэлийн бага хурал хийв. 
 
Тус хуралд гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нар оролцож өнөөгийн Монголын чөлөөт бөхийн холбоо      /МЧБХ/ нь хууль бус, тамирчид, дасгалжуулагчдынхаа төлөө ажилладаггүй гэлээ.
 
Ц.Цогбаяр: “МЧБХ-ны Их хурлын 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоол гэж байдаг. “Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсугай" хэмээх уг тогтоолд Хурлын дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, гавьяат тамирчин Х.Баянмөнхийн  гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг шүүх баталсан. Хуурамч визний асуудал зэрэг хууль бус үйлдлүүд нь шүүхээр батлагдсан” гэв.
 
Одоогоос жил гаруйн өмнө чөлөөт бөхийн үе үеийн төлөөлөл оролцсон хурлаар  МЧБХ-ны Онц Их хурал хуралдуулах Түр хороог байгуулж, 28 гишүүнтэй Түр хорооны тэргүүнээр нь О.Пүрэвбаатарыг сонгожээ.
 
“Өнөөдөр МЧБХ нь 2014 онд хүчингүй болсон дүрэмтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус холбооноос гишүүд, тамирчдынхаа эрх ашгийг огт хамгаалахгүй байгаа учраас бид 2018 оны нэгдүгээр сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа Онц их хурлыг зарлан хуралдуулна” хэмээн О.Пүрэвбаатар хэлэв.
 
 
Д.Өлзий  
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг