sonin.mn
Москва /МОНЦАМЭ/. Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/-ны шийдвэрээр ОХУ-ын шигшээ багийн тамирчид 2018 оны Өвлийн Олимпт улсынхаа нэрийн өмнөөс оролцох эрхгүй болсон билээ. Тэгвэл ОХУ-ын чарга болон цанын шигшээ багийн тамирчид Пёнчаны Өвлийн Олимпт ОУОХ-ны тугийн дор оролцох болсноо зарлалаа. Харин бусад төрлийн тамирчид шийдвэрээ хараахан гаргаагүй байна.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бид ямар ч үед тамирчдынхаа Олимпийн наадамд оролцох эрхэнд халдахгүй. Тэд энэ удаагийн Өвлийн Олимпийн наадамд оролцох эсэхээ өөрсдөө шийднэ. Тамирчин хүн Олимпийн наадамд оролцохын тулд бүх амьдралаа зориулдаг. Тиймээс ямар ч хориг тавихгүй” хэмээн энэ сарын 6-ны өдөр Горьковийн автозаводын ажилчидтай хийсэн уулзалтынхаа үеэр онцолсон.
 
Түүнчлэн ОУОХ-ны гаргасан шийдвэрт ОХУ өөрөө буруутай хэмээн тэрбээр үзэж буй аж. Түүний хэлснээр ОХУ-ын тамирчид сэргээш хэрэглэсэн гэх хардлага төрүүлж, ОУОХ-д хардлагыг ашиглах боломж олгосон нь ОХУ-ын алдаа байсан аж.
 
ОУОХ-ны гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-ын шигшээ багийн тамирчид ирэх оны Өвлийн Олимпт оролцохдоо тус байгууллагын нэрийн өмнөөс оролцохоос гадна зөвхөн ОУОХ-ноос урьсан тамирчид л Олимпт оролцох боломжтой юм. ОУОХ ОХУ-ын шигшээ багийн тамирчин тус бүрийн сэргээшийн түүхийг үндэслэн Пхёнчаны Өвлийн Олимпт оролцох эрх өгөх бөгөөд уг тамирчдын наадамд оролцох зардлыг мөн даах аж. Одоогийн байдлаар ОХУ-ын 20 гаруй тамирчныг  ОУОХ хар жагсаалтдаа оруулаад буй юм.
 
Дашрамд дурдахад ОХУ-ын шигшээ багийн нийт тамирчид 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпт оролцох эсэх энэ сарын 12-ны ОХУ-ын Олимпийн хорооны хуралдаанаар эцэслэн шийдэгдэнэ. Хуралдаанд ОХУ-ын Олимпийн хорооны тэргүүлэгчид, гишүүд түүнчлэн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид оролцох юм.
 
 
Л.Нандиа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг