sonin.mn
ПХЕНЬЯН. /ТАСС/. БНАСАУ 2021 онд болох Азийн өвлийн спортын наадмыг Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулж магадгүй байна. Энэ тухай Олон улсын олимпийн хороон дахь Умард Солонгосын төлөөлөгч Чан Ын мэдэгдсэнийг "Ёнхап" агентлаг иш татан мэдээллээ.
Ноён Чан Ыны ярьснаар, уралдаан тэмцээнүүд Умардын нутагт орших "Масикрён" цанын баазад болж магадгүй аж. 
Өмнө нь Өмнөд Солонгосын Канвондо мужийн захирагч Че Мүн Сүн мэдэгдэхдээ “уралдаан тэмцээнүүдийг БНАСАУ-тай хамтран явуулах хувилбар боломжийг судалж байна” гэж байсан юм.
Азийн өвлийн спортын тоглолт нь 1986 оноос хойш явагдаж байгаа бөгөөд тоглолтын хөтөлбөрт биатлон, уулын цана, гүйлтийн цана, уран гулгалт, фристайл, хоккей, шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн уралдаан, трамплин болон тэшүүрийн спортын төрлүүд ордог юм. 2021 оны Азийн спортын наадмыг зохион байгуулах газрыг хэсэг хугацааны дараа тодруулна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг