МИЛАН. /ТАСС/. Италийн Милан хотод болж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын чөлөөт үзүүлбэр болон хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээрээ Германы хос Алена Савченко болон Бруно Массо нар дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Германы хос чөлөөт үзүүлбэрт 162,86 оноо авч, богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 245,84 оноо авснаар уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн байна.
Харин энэ тэмцээнд Оросын хос Евгения Тарасова, Владимир Морозов нар нийлбэр дүнгээр 225,53 оноо авч мөнгөн медалийн эзэд болсон бол нийт 218,36 оноогоор Францын хос Ванесса Жеймс, Морган Сипре нар гуравдугаар байранд орсон байна.  
Өмнө нь чөлөөт үзүүлбэрт мөн л А.Савченко, Б.Массо нар дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Тэд Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр чөлөөт үзүүлбэрт 159,31 оноо авснаар, дэлхийн дээд амжилтыг эвдэж, олимпийн аварга болсон билээ.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг