Ар Халхын нутгаас төрсөн хийморлиг монгол бөхчүүдийн домог түүх дундаршгүй. Тэдний талаар дурсан санагалзах, хуучлах гэдэг жинхэнэ монгол эр хүний бахархал болоод омогшил төрүүлэм санагдана. Тэр тусмаа эгэлгүй энэ хүчтэнүүдийн домог түүхийн их баганаас босголцож, монгол бөхийн нэрийг мөнхөлж, хийморийг сэргээж, нутаг нугадаа гайхагдаж явсан эцгийнхээ талаар дурсан бичиглэх гэдэг дэндүү эрхэм, аз завшаантай хэрэг билээ.

 


Хаан Чингэсийн төрсөн нутаг Хан Хэнтий аймгийн наадамд хоёр удаа их шөвөгт үлдэж, начин цолыг гуйж биш гуядаж хүртсэн хайрт аав, аймгийн начин Доржийн Шагдарсүрэнгийн минь ураг төрлийн гарал нь хуучнаар Засагтхан аймгийн далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн “Наран” Тосонцэнгэл сумын уугуул иргэд байсан гэдэг.

 

Тэд удам дамжсан хүч тэнхээтэй байсан учир хошуу болон овооны наадамд хүч үздэг, нутаг усандаа муугүй барилдаж явсан гэж аав минь дээд өвгөө бахархан дурсдаг байсныг нэхэн санахад нэн таатай байна. Миний өвөг эцэг Дорж нь ардын хатан баатар Магсаржавын цэрэгт алба хааж, хувьсгалын үйл хэрэгт гap бие оролцож явсан “партизан” ахмад дайчин хүн байсан билээ.

 

Харин миний аав Шагдарсүрэн Архангай аймгийн Тариат сумын нутаг “Салст Шивэртий” хэмээх газар 1935 онд ард Доржийн 11 дэх хүү болон эхээс мэндэлсэн юм. Ийнхүү аав маань бага, дунд сургууль төгсөөд 1951 онд Улаанбаатар хотноо Санхүү эдийн засгийн техникумд элсэн суралцаж, “ХАА”-н нягтлан бодогч мэргэжил эзэмшээд /хуваарлилагдаж/ найман аварга төрөн гарсан, үндэсний бөхийн өлгий нутаг болсон Хан Хэнтий нутгийг зорьсон аж.

 

Аав маань багын үндэсний бөх барилдах нэн сонирхолтой байсан тул албан ёсоор 1952 оноос торгон зодогны сэнжигнээс атган барилдаж эхэлсэн түүхтэй. 1955 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын наадамд хүч үзэн барилдаж, учраа бүхнээ төвөггүйхэн орхиж түрүүлэн сумын заан цол хүртэж бөх болох гараагаа амжилттай эхэлсэн билээ. Мөн Монголын Оюутан Залуучуудын анхдугаар спартикадад оролцож.

 

Хэнтийдээ хүч сорин барилдаж, 15 даван түрүүлж, бөх сонирхогчдын анхаарлыг татаж байсан ховорхон амжилтандаа урам орж, хотын аварга шалгаруулах спартикадиар 29 хүчтэн тойргоор барилдахад 25 давж 3-р байрт шалгарч байсан ажээ. Аав маань эрчээ алдалгүй улам сайн барилдаж явсаар 1959 онд аймгийнхаа наадамд зодоглон 128 бөхөөс их шөвөгт шалгаран үлдэж, аймгийн хурц арслан “Тавхай” хэмээх Содномд өвдөг шороодон аймгийн начин цол хүртсэн билээ.

 

Аавыг маань ид барилдаж байх үед Хан Хэнтий нутаг хэдэн сайн аймгийн арслан цолтой бөхчүүдтэй байсан гэдэг. Хожмоо улсын заан цол хүртсэн Барамсай, Галшарын Аниахүү “Могой” Сэндэм, Тавхай Содном зэрэг бөхчүүдтэй гар зөрүүлж явснаараа миний аав үргэлж бахархан хуучилдаг байсан юм. 1960 онд аймгийнхаа оны тэргүүн бөх шалгаруулах барилдаанд хүч үзэн, сум бүхнээс шалгарч ирсэн хүчтэнүүдээс одтой сайхан барилдаж 3-р байрт шалгарсан бол энэхүү амжилтаа бататган 1961 онд аймгийн наадамд зодоглож их шөвөг буюу 4-т үлдэж начин цолоо батлаад аймгийн наадамд 3 удаа түрүүлсэн “Могой” Сэндэм арсланд өвдөг шороодсон түүхтэй.

 

Аавтай минь хүч үзэж байсан бөхчүүд “Танай аав чинь гар дамжиж ордог, барьцгүй гүйдэг шуурхай барилдаантай нягт бөх байсан” гэдэг юм. Бөхийн амьдралтай нягт холбоотой явсан аав минь зөвхөн аймгийн наадамд дан ганц хүч үзээгүй билээ. Дархан сумын наадамд 1962,1965 онд түрүүлсэн бол мөн сумынхаа наадамд 1963,1964 оны наадамд үзүүрлэж Явсан эгэлгүй хүчтэн байсан юм.

 

Ийнхүү Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ хүч сорьж Халхын сайчуултай ач, тач барилдаж явсан аав минь улс эх орондоо 55 жил хөдөлмөрлөхдөө төр засгийнхаа хайр хүндэтгэлийг хүлээж “Хөдөлмөрийн хүндэт медаль” ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн медаль, “Монгол улсын эдийн засгийн тэргүүн” зэрэг нэр хүндтэй шагнал хүртэж байсан буянтай буурал байлаа. Аавын минь алаг үрсээ гэсэн буян заяа, ард олноо цэнгүүлж явсан бөхийн босоо цагаан сүлд, хийморь, сүнс нь мөнх тэнгэрээс үргэлж бусдыг ивээж явах болтугай.

Ааваа дурсан бичиглэсэн аймгийн начин Доржийн Шагдарсүрэнгийн хүү Товчинбаатар