sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо Улсын циркт "Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өчигдөр буюу лхагва гарагт "Аса цирк"-д эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 2018.06.20-24-ний өдрүүдэд болно.  Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчинаа оролцуулахаар болжээ.
 
 
Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин “Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа Н.Энхбат хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм.
 
 
Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ /Өвөрмонгол зэрэг гурван баг/, Казахстан, Тайвань, Монгол улсын нийт 120 шахам боксчид хүч ур чадвараа сорьж байна.
 
 
Энэхүү А зэрэглэлийн олон улсын тэмцээний Ерөнхий шүүгчийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос томилсон бөгөөд шүүгчдийн тал нь гадаадын шүүгчид юм.  Уг тэмцээн үнэ төлбөргүй бөгөөд Монголынхоо баг тамирчдыг "Аса цирк"-т ирж дэмжихийг Монголын боксын холбооноос уриалж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг