sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбооны Гадаад харилцааны дарга С.Монголжингоотой ярилцлаа.
 
Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Олон улсын хөлбөмбөгийн холбооны их хуралд оролцож, олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Хурлын үеэр манай улсад чиглэсэн ямар арга хэмжээ зохион байгуулахаар болсон талаар танилцуулна уу?
 
-Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, генсек болон миний бие Олон улсын хөлбөмбөгийн холбооны 68 дугаар их хуралд оролцож хэд хэдэн ажлыг амжуулаад ирлээ. Бид ирэх есдүгээр сард Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Е1 ангиллын насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон. Тэмцээн ирэх есдүгээр сарын 3-8-нд болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулна. Тиймээс энэ тэмцээнд шигшээ багийнхнаа хэрхэн бэлтгэх, түүний дараа цаг агаар хүйтрэхээр хэрхэх талаар нэлээд ярилцлаа. Азийн хөлбөмбөгийн холбоо таван бүстэй. Монгол зүүн бүсэд нь багтдаг. Бусад бүс буюу Зүүн Өмнөд Азийн бүсийнхэнтэй хамтран ажиллаж, шигшээ багийнхнаа бүсэд хамаарах улсуудад бэлтгэлд хамруулахаар ярилцаж тохирсон. Бруней, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Шри-Ланк зэрэг улсад шигшээ багийнхнаа бэлтгэл хийлгэхээр аман байдлаар тохиролцоод ирсэн. Энэ жилийн хамгийн онцлох мэдээ нь манай улсын залуучуудын 20 насны футзалын шигшээ баг Азид тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Эрдэнэ-Очир ахлагчтай багаараа бид бахархаж байгаа. Тэд өнгөрсөн жилийн тавдугаар сард Тайландад очоод цахиур хагалаад ирсэн.Энэ баг ирэх арванхоёрдугаар сарын 1-9-ний хооронд тэмцээнтэй бөгөөд бэлтгэлийг хаана хангах талаар ярилцаж байна.
 
...Лигеонер тамирчид анх ирж байснаа бодоход чанаржиж байна. Өмнө нь Африкийн орнуудаас тамирчин ирдэг байсан бол одоо Япон хөлбөмбөгчин ирж байна. Өөрөөр хэлбэл, ур чадвар талдаа илүү болж байна. Үүнийг дагаад Монголын хөлбөмбөгчдийн ур чадвар сайжирч байгаа...
 
-Дэлхийд алдартай хөлбөмбөгчдийг урих ажил үргэлжилж байгаа юу. Энэ жил хэнийг урихаар төлөвлөж байна вэ?
 
-Арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулдаг "Алтан бөмбөг"-өөр бид аль болох тухайн жилдээ олны анхааралд байсан, онцлог хүнийг авчрахаар хичээдэг. Энэ жил ч гэсэн алдартай хөлбөмбөгчнийг авчрахаар ярилцаж байна. Хоёр, гурван хүний нэр бий. Тодорхой болохоор нэрийг нь зарлах хэрэгтэй болов уу.
 
-Аймгуудад хөлбөмбөгийн талбай барьж байна. Тэдгээр ажил ямар шатандаа явж байна вэ?
 
-Бид Дарханд хөлбөмбөгийн хоёр жижиг талбай барьсан. Ховд аймагт нэг талбай барьж дуусгалаа. Төв аймгийн шигшээгийн бааз барих төсөл 2016 оноос эхэлсэн. Энэ төсөл гурван шатлалтай бөгөөд эхний ээлжид талбайгаа барина. Дараа нь гэрэлтүүлгийн асуудлаа шийдэж, сүүлд нь дээвэр тавих юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын "Лужники" шиг цэнгэлдэх хүрээлэнтэй болгоно гэсэн үг. Үүний үр дүнд ирэх есдүгээр сар гэхэд бид нэг том хөлбөмбөгийн талбайтай болно. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн талбайгаас хэмжээгээрээ том. Ер нь хөлбөмбөгийн стандарт хэмжээг гурав ангилдаг. Энэ талбайг стандарт хэмжээний хамгийн томоор нь барьж байна. Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд Төв аймгийн хөлбөмбөгийн холбооныхон бидэнд газрыг нь олж өгч тусалсан. Дараагийн талбайг "Шинэ яармаг" цогцолбор хороололд барихаар төлөвлөөд байна. Энд мөн хөлбөмбөгийн том талбайг барина. Олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтойгоор бүх зүйлийг шийдэхээр төлөвлөсөн.
 
-Тамирчдад чиглэсэн солилцооны ямар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ?
 
-Лигеонер тамирчид анх ирж байснаа бодоход чанаржиж байна. Өмнө нь Африкийн орнуудаас тамирчин ирдэг байсан бол одоо япон хөлбөмбөгчин ирж байна. Өөрөөр хэлбэл, ур чадвар талдаа илүү болж байна. Үүнийг дагаад Монголын хөлбөмбөгчдийн ур чадвар сайжирч байгаа. Түүнчлэн бид Английн хөлбөмбөгийн холбоотой эсвэл Азийн зарим орны холбоотой хамтран тоглогч солилцохоор ажиллаж байна. Мөн Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж тоглогч, шүүгч солилцооны ажлыг эхлүүлэхээр ярилцсан.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин