sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долдугаар сард ОХУ-д зохион байгуулсан хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өмнөх тэмцээнүүдэд нь байгаагүй олон ховор “амжилт” гарчээ.
ОХУ-д болсон ДАШТ-д К.Роналду хамгийн хурдан гүйсэн бол Неймар хамгийн удаан баашлан хэвтжээ. Португалын үндэсний шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн эсрэг хийсэн тоглолтонд 38.6 км/цаг-ийн хурдыг үзүүлжээ. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хурдны шинэ дээд амжилт аж. Роналдугийн энэ амжилт нь 2009 онд Ямайкийн тамирчин Усэйн Болтын үзүүлсэн 44,7 км /цагийн хурдтай тэнцсэн байна. Тэгвэл Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймар тоглолтын үеэр өрсөлдөгчиддөө түлхүүлэхдээ тэсвэрлэлгүй байнга удаан хугацаагаар хэвтэж олны шүүмжлэлийг хүлээжээ. Тэрээр энэ удаагийн ДАШТ-д 13 минут 50 секундын турш талбай дээр жинхэнээр эсвэл баашлан хэвтэж байлаа. Энэ тухай RTS Sport вэбсайт мэдээлэв.
 
 
Арван хоёр удаагийн авто гоол. Энэ удаагийн ДАШТ гайхамшигтай олон “амжилтыг” тогтоосны нэг нь тэмцээнд оролцсон багуудын тоглогчид өөрсдийн хаалгандаа 12 гоол хийсэн нь ховор тохиолдол аж. Үнэндээ өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх өөрийн хаалгандаа гоолдсон нь тийм ч их биш байсан аж. Өмнөх рекордыг 1998 онд Францад болсон ДАШТ-ий үеэр тогтоосон бөгөөд зөвхөн 6 гоолыг л өөртөө хийсэн байна. Хорватын үндэсний шигшээ багийн довтлогч Марио Манжукич финалын тоглолтонд өөрийн хаалганд гоол оруулсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хэзээ ч тохиолдож байгаагүй юм.
Нэмэлт цагт есөн удаа хожив. ДАШТ-ий хамгийн олон тоглолт удаан үргэлжилж нэмэлт цагт дууссан. Үндсөн цагийн 90 минутын дараа хожсон есөн удаагийн тоглолт боллоо. Үүнийг ОХУ-д болсон ДАШТ-ээс өмнө хэн ч урьдчилан таамаглаж байгаагүй учир гайхалтай байсан.
Тоглолтын 15 дахь секундад шар карт өгөв. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн “хурдан” шар хуудас өгсөн тоглолт байсан юм. Мексик болон Шведийн хоорондын тоглолт эхлээд 15 секунд болоход шүүгчийн шүгэл дуугарч эхний шар картыг харуулна гэж хэн ч төсөөлөөгүй байна.
Ингэснээр Мексикийн тоглогч Хесус Галлардо Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хурдан шар хуудас авсан ганц хөлбөмбөгч болоод байна. Анхны рекорд нь Италийн хөлбөмбөгчин Жианпиеро Марини байсан бөгөөд 1982 онд Польшийн эсрэг тоглохдоо 51 дэх секундэд шар картаар шийтгүүлжээ.
Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн хөгшин хөлбөмбөгчин. Египетийн хаалгач Эссам Эль-Хадари нь ДАШТ-ний түүхэн дэх хамгийн хөгшин тоглогч болсон. Тоглолтын өдөр Эль-Хадари 45 настай, 161 хоногтой байлаа. Өмнөх рекордыг Колумбийн тоглогч Фарид Мондрагон 43 настай дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон.
 
 
Торгуулийн цохилтын тоо-28. 2018 оны ДАШТ-нд торгуулийн цохилтыг хамгийн олон удаа өгсөн буюу тэмцээний үеэр шүүгчид 28 торгуулийн цохилт заажээ. Ийнхүү олон удаа торгуулийн цохилт заасан нь шинжээчдийн үзэж байгаагаар шүүгчид тоглолтыг ухраан үздэг технологи нэвтрүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ нь дүрэм зөрчсөн тоглолтыг ч багасгасан гэнэ. Өмнө нь 1990 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 18 удаа торгуулийн цохилт заасан нь рекорд байсан. Дараа нь ийм тооны торгуулийн цохилт 1998 болон 2002 онд хоёр удаа давтжээ.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг