sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн зуны  XVIII их наадам Индонези улсын Жакарта, Палимбанг хотноо энэ сарын 18-наас ирэх сарын 02-нд болно. Энэхүү наадамд оролцох Монголын туялзуур сэлэмний багийг үдэн гаргах ёслол боллоо.
Азийн наадмын өмнө манай тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм. Энэхүү бэлтгэлийг хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Японы тал бүрэн хариуцаж байгаа юм.
Азийн наадам болон Япон дахь хамтарсан бэлтгэлд Монгол Улсын туялзуур сэлэмний багийн бүрэлдэхүүнд ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар, дасгалжуулагч, Хангарьд клуб Л.Шинэтулга, 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга Б.Батхүү /Хангарьд клуб/, 2018 оны улсын дэд аварга, БРБ чансааны тэргүүн тамирчин Э.Дөлгөөн / УБ Фенсинг клуб/, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга, Э.Бат-Эрдэнэ /УБ Фенсинг клуб/, 2018 оны багийн улсын аварга А.Бат-Эрдэнэ /Хангарьд клуб/, Монгол Улсын 5 удаагийн аварга Б.Гэрэлмаа /Хангарьд клуб/, 2017 оны Улсын аварга Б.Амарзаяа /Уурхайчин клуб/, 2018 оны улсын дэд аварга Г.Халиунаа /УБ Сити Клуб/, УАШТ-ий хүрэл медальт М.Нямжаргал /Уурхайчин клуб/ нар багтсан бол Бельги улсаас Э.Ариунзаяа ирж оролцох юм.
Үдэн гаргах ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, дэд ерөнхийлөгч Б.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрахжаргал, О.Лхагва нар оролцов. 
Холбооны Ерөнхийлөгч Г.Дашням баг тамирчдад хандан хэлэхдээ, "Эх орноо төлөөлж Азийн наадамд оролцох нийт тамирчдадаа сонгогдсонд баяр хүргэж, их амжилтыг хүсье. Монголын сэлэмний баг өмнөх амжилтаа улам их ахиулна гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа холбооны удирдлагын зүгээс 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж, тамирчдадаа илүү олон боломж гаргахын төлөө зүтгэнэ” гэв.
Монгол Улс туялзуур сэлэмний төрлөөр Азийн наадамд хоёр дахиа оролцож байгаа бөгөөд "Инчён 2014" наадамд Б.Гэрэлмаа /Эрдэнэт үйлдвэр, Хангарьд клуб/ шилдэг 16-д үлдэж Монголын сэлэмний түүхэнд шинэ хуудас бичиж байсан юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг