sonin.mn
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. 2020 онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпийн болон Паралимпийн наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл тун удахгүй эхэлнэ гэж тус наадмыг зохион байгуулагчид лхагва гарагт мэдэгдэв.
“Сайн дураар ажиллах хүмүүсийн анкетыг энэ сарын 26-ны өдрийн 13:00 цагаас эхлэн хүлээж авна” гэж Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Японы засгийн газрын төлөөлөгчид сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Сайн дурын ажилтнууд хоёр төрөлд хуваагдах бөгөөд эхний төрөл нь спортын арга хэмжээ болох газрууд болон тамирчдын байрлах байранд байж, үйл ажиллагаанд шууд оролцох ба энэ төрлийн ажилд 80 мянган ажилтан хэрэгтэй байгаа аж. Тэдгээрийг 12 дугаар сарын эхэн хүртэл Олимпийн наадмын цахим хуудсаар бүртгэх юм байна.
Харин нөгөө төрлийн ажилтнууд нь нисэх онгоцны болон төмөр замын буудлууд зэрэг бусад газруудад байрлаж, жуулчдыг мэдээллээр хангах юм байна. Энэ төрлийн сайн дурын ажилд 20 мянга орчим хүн оролцох юм.
Наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр, сайн дурын ажилтнуудын нас, хүйс, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг үл хамаарах бөгөөд янз бүрийн хүмүүс анкетээ илгээнэ хэмээн найдаж байгаа аж.
Бичгийн шалгалт болон ярилцлага зэрэг шалгалтуудыг давсан хүмүүс ирэх оны аравдугаар сараас эхлэн чиглүүлэх сургалтад хамрагдаж эхлэх юм байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг