Өнгөрсөн амралтын өдрүүдэд үймээн зодоон үүсэхэд хүргэсэн холимог тулаан болж өнгөрлөө. UFC компани бямба гарагт болсон зодоон цохионы хариуцлагыг өөртөө хүлээх нь юу л бол. МакГрегорыг зоргоор нь тавьж, дуулиан шуугиан өдөөх зорилготой зохисгүй үйлдлүүдийг нь байнга өөгшүүлж ирснээрээ тус компани дээрх таагүй хэрэг явдлын эх үндсийг тавьсан билээ. Учир нь, МакГрегорын хийсэн үйлдлүүд нь түүнд өөрт нь ч, компанид ч ашигтай байсан, тэгэхээр тодорхой утгаар авч үзэх юм бол түүнийг энэ удаагийн тулааны “ялагч” гэж  үзэж болно хэмээн Их Британийн “Гардиан” сонинд дүгнэн бичжээ.  
 
Карим Зидан (Karim Zidan)
 
Эмх замбараагүй байдал, зодоон цохионоор өндөрлөсөн уг тулааны уур амьсгалыг бий болгоход Ирландын МакГрегор гол үүрэг гүйцэтгэсэн. Гэвч  UFC буюу тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээн гэдэг байгууллагын хувьд тулаанч тамирчид нь мөнгө авчирсаар байгаа учраас тэдэнд өршөөнгүй хандсаар байна.
Сүүлийн зургаан сарын хугацаанд болсон үйл явдлуудыг дурдвал: Конор МакГрегор шоронд орж магадгүй байлаа, тэрбээр өрсөлдөгчийнхөө шашин шүтлэг, улс орон, эцгийг нь доромжиллоо, дараа нь өөрт нь төдийлөн үр дагавар, хохирол багатайгаар өөрөөс нь хүчээр илүү өрсөлдөгч тамирчинд ялагдав. Гэхдээ тодорхой утгаар авч үзвэл , тэрбээр рингнээс ялагч болж буусан гэж хэлж болох юм.
UFC-гийн ивээл дор болсон тулааныг асар олон хүн үзэж байсан тэр үдэш Хабиб Нурмагомедов хөнгөн жинд аваргын бүсээ хамгаалан үлдэж чадсан юм. Тулаан болсон торон дотор тэрбээр өөлөхийн аргагүйгээр биеэ зөв авч явсан бол тулааны дараа хийсэн түүний үйлдэл нь тэрхүү гайхамшигт үдшийг гутаан харлууллаа. 
Боох мэхээр ялснаасаа хойш хэдхэн мөчийн дараа Нурмагомедов 8 өнцөгт хашлагыг давж гараад МакГрегорын багийнхан руу дайрав. Үүнээс болоод хоёр багийн гишүүдийн хооронд зодоон болж, үүнийг нь хөгжөөн дэмжигчид ажиглан харж, удалгүй цагдаа нар ирэв. МакГрегор руу дайрсны учир Нурмагомедовын багийн гурван гишүүнийг баривчилсан боловч тэд чухам хэн бэ гэдэг нь тодорхойгүй байсан юм. МакГрегор тэдний эсрэг гомдол гаргахгүй гэдэг нь тодорхой болмогц дээрх гурвыг суллажээ.
 
 
 
Харин UFC компани бямба гарагт болсон зодооны хариуцлагыг өөртөө хүлээх нь юу л бол. МакГрегорыг зоргоор нь тавьж, олныг өдөөн хөгжөөх зорилготой түүний зохисгүй үйлдлүүдийг нь байнга өөгшүүлж ирснээрээ тус компани нь дээрх таагүй хэрэг явдлын эх үндсийг тавьсан билээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд UFC компани энэ ирланд залууг элдэв зохисгүй үйлдэлд өдөөн турхирч, арга хэмжээнүүдээ сурталчлахын тулд үр дагаврыг нь бодолцохгүйгээр түүний брэнд болсон нэр хүндийг нь ашигласаар ирсэн. UFC 229 арга хэмжээний тухайд гэвэл, тус компани нь Бруклин дэх Barclay's Center спортын ордны зогсоол дээр UFC-гийн тулаанчдын /тэдний дотор Нурмагомедов/ сууж явсан автобус руу МакГрегор дайрч буйг харуулсан кадруудыг удахгүй болох гэж байсан тулааныг сурталчлахдаа ашигласан байна. Мөн “худалдаж ав, үз” гэсэн системээр явагддаг телевизийн захиалгын худалдаагаа ч бас сурталчилжээ. Дээрх үймээний улмаас UFC-гийн хоёр тамирчин эмнэлэгт хүргэгдэж, бусад нь гэмтэл бэртэл авсан боловч UFC компанийнхан МакГрегорт ямар ч шийтгэл ногдуулаагүй билээ.
Тус компани энэ удаагийн тулаанаа рекламдахын тулд шашны, угсаатны болон соёлын зөрчлийг өдөөх сэдлийг МакГрегорт олгосон нь ямар нэгэн хэмжээгээр нөхцөл байдлыг даамжруулахад хүргэсэн. Тулааны өмнө МакГрегор автобус руу дайрахад шууд оролцож, Чечень, Дагестаны хооронд үүссэн улс төрийн хурцадмал байдлыг ашиглаж, Чечений дарангуйлагч Рамзан Кадыровыг дэмжсэнийх нь төлөө Нурмагомедовын эцгийг “чичрэн салгалдаг аймхай хулчгар” гэж нэрлэж, Нурмагомедовын менежерийг “террористуудад хов зөөгч” гэж доромжилжээ. Тэр ч байтугай өрсөлдөгчөө “сул дорой тахиа” гэсний учир нь, Нурмагомедов исламын шашинтан учраас хэвлэлийн хурлын үеэр виски уухаас татгалзсантай холбоотой гэнэ. Эдгээр бүх жишээ нь МакГрегор руу дайрсан Нурмагомедов болон түүний багийнхныг зөвтгөх үндэслэл болохгүй ч гэсэн хоёр талын хооронд дайсагнасан уур амьсгал яагаад бий болсныг тайлбарлах нэгэн шалтгаан болно.  
Тулааны дараа болсон зодоон нь аймшигтай байсан төдийгүй холимог тулааны хөгжлийг хэдэн жилээр хойш нь ухраасан гэдгийг UFC-гийн ерөнхийлөгч Д.Уайт өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ хэрэг явдлыг өдөөхгүй байх боломж байсан гэдэгтэй тэрбээр санал нийлэхгүй байна. 
Тулааны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Уайт “энэ бол тулааныг зохион байгуулахтай холбоотой бизнес. Энэ бол спорт” гэж хэлсэн юм. Гэхдээ тулааныг сурталчлах тактикийн тал дээр МакГрегор арай хэтрүүлсэн гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрлөө. “Үгээр бие биенийгээ доромжлох, айлган сүрдүүлэх нь спортын аль ч төрөлд байдаг л зүйл. Үндэсний сагсан бөмбөгийн лиг, Үндэсний хоккейн лигт ч бий. Бейсболд ч мөн адил. Энэ бол тоглолтын нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Энэ тал дээр хэзээ ч юу ч өөрчлөгдөхгүй ээ. Юу ярих ёстой, юу ярих ёсгүй вэ гэдгийг хэн нэгэнд бид хэзээ ч зааварлаж чадахгүй” гэж Уайт хэлсэн байна.
МакГрегорын түрэмгий ааш авирыг тулааны өмнөх “үгээр айлгах үйлдэл” гэж тодорхойлж байгаа нь UFC ба түүний од болсон тамирчны хоорондох өнөөгийн харилцааг тодотгон харуулж байгаа юм. UFC-гийн ихэнх тулаанч тамирчдын хувьд тэдний буруутай нь тогтоогдсон тохиолдолд промоутеруудын уур хилэн тэдэн дээр аянга мэт бууж байдаг бол МакГрегорын хувьд буруушаахаар зүйл хийдэггүй бололтой. Бруклинд автобус руу дайрсан хэрэг гарсны дараа МакГрегор цагдаагийн газарт өөрийн биеэр буруугаа хүлээн очсоноор шоронд хоригдох ялаас аврагдсан юм. Холимог тулааны түүхэнд гарсан хамгийн жигшүүртэй үйл явдлын дараа тэрбээр 6 тулаан хийх гэрээ, виски сурталчлах ивээн тэтгэгчийн гэрээ, UFC-гийн түүхэн дэх хамгийн том тулааны өмнө хэвлэлийн тэргүүн нүүрэнд зай талбай авах гэх мэт зүйлсийг шагналд нь авсан билээ. 
МакГрегор ба UFC компанийн хооронд тогтсон харилцаа нь тус компанийн санхүүгийн амжилтад маш чухал зүйл юм. UFC оршин тогтносон бүхий л түүхэндээ  “худалдаж ав, үз” системээр үзэх эрхийг худалдах 4 удаагийн амжилттай хэлцлүүд хийсэн нь гагцхүү энэ ирланд эрийн нэртэй холбоотой. Тэрбээр одоо тус компанийн мэдэлд буй цорын ганц дэлхийн хэмжээний од болоод байгаа юм. Учир нь, Ронда Раузи WWE хэмээх бөхийн төрлийн холбооны мэдэлд очсон билээ. UFC 229 тулаан ч мөн адил дээрх амжилттай болсон хэлцлүүдийн тоонд удахгүй орох болно. Тэгэхээр UFC таван удаа амжилттай хэлцэл хийсэн нь МакГрегорын нэртэй салшгүй холбоотой. Тэрбээр UFC-гийн хувьд жинхэнэ мөнгөний авдар бөгөөд энэ нь түүнийг өөр хэнээр ч орлуулшгүй чухал хүн болгож байна. 
Ийм учраас UFC компани өөрийн саалийн үнээтэй холбоотой элдэв асуудлыг шийдвэрлэх гэж үнэн сэтгэлээсээ оролдохгүй гэдэг нь илт харагдаж байна. Тус байгууллагын удирдлага МакГрегортой холбоотой бие хүнийг тахин шүтэх үзэгдлийг огт хязгаарлаж чадахгүй бололтой. Бүдүүлэгдүү байдлаараа бусдыг өөртөө татдаг энэ ирланд залуугийн тулаан хийдэг өвөрмөц сонирхолтой арга барил нь түүнийг дэлхийн хэмжээний алдрын оргилд хүргэсэн билээ. UFC компани түүний энэ жин нөлөө болон түүнийг тойрсон хөгжөөн дэмжигчдыг олж харсан учраас фанатуудын томоохон хүрээллийг хадгалан үлдэх үүднээс түүнтэй цаашид хамтран ажилласаар байх нь лавтай.   
Харин бямба гарагт зохисгүй авир гаргасныхаа төлөө Нурмагомедов UFC-гийн хөнгөн жингийн аварга цолоо алдах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Уайт үүрэг амлалт авсан ямар ч мэдэгдэл хийгээгүйн зэрэгцээ хариуцлагыг спортын комисст тохлоо. Тулааны дараа Нурмагомедовын хийсэн үйлдэл болон хэвлэлийн бага хурал нь холимог тулааны урлаг сонирхогчдын дунд түүнийг “хорлонтой өөдгүй хүн” гэсэн муу нэртэй болголоо. МакГрегорыг ялсан тулаандаа тэрбээр сэв суулгалаа.
 
 
МакГрегорын оролцсон тулаануудыг хүмүүс асар олноороо сонирхон үздэг гэдгийг тооцож үзвээс түүний ялагдлыг тэгтлээ онцлохгүй байж болохоор. Хэдийгээр олныг өдөөн хөгжөөхийн тулд зохисгүй үйлдлүүд хийсэн ч гэлээ олон олон үзэгчдийн хувьд тэрбээр “дажгүй залуу” хэвээр үлдэх болно. Нурмагомедовт ялагдсан нь одоо тийм ч чухал зүйл биш болж, ард хоцорлоо.
Ирланд залуу хэсэг зуур чимээгүй байсны эцэст “сайхан алгадууллаа, одоо харин даага нэхнэ ээ” гэж твиттер хуудсандаа бичжээ. Ингэснээр тэрбээр Нурмагомедовтой хийх дараагийн тулааныхаа эхлэлийг тавилаа.
Энэ бүхнийг дахиад л мөнгө дагалдах учраас тулаан дахин болохгүй гэж мөрий тавих хэрэггүй биз ээ.
 
Орчуулсан Б.Адъяахүү
 
https://inosmi.ru/social/20181008/243407990.html