sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын салбарын улсын IY зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болж байна.
Энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүнь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар Монгол Улс олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний 50 жил, олимпийн аваргатай болсны 10 жилийн түүхэн тэгш ойг тохиолдуулан тус зөвлөгөөний өмнө олимпийн медальтнуудаа тайзнаа урин хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү түүхэн ойд зориулж БСШУСЯ, БТСГ-аас олимпийн анхны медальтнуудаа мөнхлөн алдаршуулах зорилгоор 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн дөрвөн тамирчны дүрс бүхий зоосыг Монгол банкны эрдэнэсийн санд захиалж цэвэр мөнгөөр урлажээ.
 
 
Монголоо алдаршуулсан олимпийн баатруудаа мөнхжүүлсэн уг хүндэтгэлийн зоосыг Ардын багш, гавьяат тамирчин, Мехикогийн олимпийн хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин, Мехикогийн олимпийн хүрэл медальт Данзандаржаагийн Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын гэргий Ө.Тамир , гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Төмөрийн Артагийн гэргий Д.Баярлах нарт гардуулан өглөө. Олимпийн медальтнуудаа төлөөлөн Монгол тамирчдын олимпийн медалийн салхийг хагалсан Мехикогийн олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав үг хэлсэн юм.
 
 
Тэрбээр: “Монголын олимпийн медальтнуудын холбооны нэрийн өмнөөс энэхүү зөвлөгөөнд оролцогчдод чин сэтгэлийн баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье. Монголчууд 54 жилийн тэртээ олимпийн наадамд анх удаа оролцож байсан бол 1968 оноос эхлэн олимпийн медальтнууд төрж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар алтан медаль хүртэж олимпийн аварга боллоо. 2013 оноос олимп, ДАШТ-ий медальт тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон нь тэдний хөдөлмөрийг зүй ёсоор үнэлсэн сайн үйлс болсон төдийгүй шинэ залуу тамирчдад урам зориг, хүч оруулсан чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. Өнөөдрийн БТС-ын салбарынханд захих гурван хүсэлт байна. Нэгд, багш, дасгалжуулагч хүн өндөр ёс зүйтэй байх ёстой. Хоёрт, тамирчин хүн хатуу сахилга баттай, чин шударга ёс зүйтэй байхыг ямагт эрхэмлэх. Гуравт. Шилдэг сайн тамирчин болоход тэсвэр хатуужил, сэтгэл зүйн өндөр чадамж маш чухал гэдгийг онцлох байна” гэлээ.
“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын салбарын улсын IY зөвлөгөөн Төрийн ордонд үргэлжилж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг