sonin.mn
Энэ 10-р сарын 21-28-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн  эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас 20 хүний бүрэлдэхүнтэй баг тамирчид оролцож байгаа юм байна. Энэ мэдээг сонсож суутал “Манай үндэсний ууган спорт-монгол бөх маань Олимпийн спортын төрөлд багтаж болохгүй юу?” гэсэн асуулт надад төрснийг уншигч олонтойгоо хуваалцмаар бодогдов.   
Би тамирчин биш, зүгээр л спортод дуртай,  жирийн цэргийн хүн хэдий ч  ийм том асуудалд хөндлөнгөөс хошуу нэмэрлэж байгаагаа тийм ч их буруу явдал гэж бодохгүй байна, уучлаарай. 
Спортын аливаа уралдаан тэмцээнүүдийн дотроос 4 жил тутамд болдог Олимпийн их наадам  хэн хүний сонирхон татагдах онцгой сайхан арга хэмжээ байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
 
Монгол Улс 1964 оноос олимпод оролцож эхэлсэн бөгөөд түүнээс хойш зуны олимпийн наадмаас спортын 4 төрөлд 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн чамлалтгүй сайхан амжилттай улс. Дэлхийд хүн ам харьцангуй цөөнтэй боловч олимпоос 26 медаль хүртсэн, бас олимпын аваргуудтай орны нэг бол манай Монгол Улс билээ. Энэ бол, манайхаас бараг 60 дахин их буюу  180-аад сая хүн амтай мөртлөө одоо болтол Олимпоос ганц ч медаль авч үзээгүй байгаа Бангладеш гэх мэт улстай харьцуулахын аргагүй өндөр амжилт шүү.  
Анх МЭӨ776 оноос эртний Грект үүссэн түүхтэй спортын энэ их наадам хүн төрөлхтний шинэ тоололд 1896 оноос эхлэн 4 жил тутамд бараг тасралтгүй явагдаж ирснийг түүхэн баримт мэдээллээс бид бүхэн сайн мэдэх билээ.
Өнөөгийн бидний үеийн олимпын наадамд зуны спортын үндсэн 28 төрөл (41 нэрийн), өвлийн 7 төрөл (15 нэрийн) багтдаг юм байна.  
Сонирхолтой нь, урьд хожид болж байсан олимпийн наадамд олс таталт (1900–1920), тагтаа нисгэж буудаж алах (1900)болон сагсан пелот (1900), крикет (1900), крокет (1900), лякросс (1904–1908), жё де пом (1908), поло (1900, 1908, 1920–1924, 1936), рэкитс (1908), рокки (1904), боулинг (1988), боулс (1900), будо (1964), глима (1912), глайдинг (1936), каатсен (1928), корфбол (1920, 1928), лякан (1900), лонг пом (1900), сават  (1924), кабадди (1936) гэх мэт хачин сонин нэр, дүрэм журамтай, спорт гэхэд хэцүү төдийгүй эргэлзэж гайхмаар 30-аад нэрийн зүйлс олимпийн спортын нэр төрөлд орж, сүүлдээ хасагдаж байсан сонин түүх ч байдаг ажээ.  
Одоо ч бас, бенди, монобоб, алтимат-фрисби, сквош, черлидин гэх мэт мөн л хачин жигтэй нэртэй,  спорт гэхэд эргэлзмээр зүйлс олимпийн спортын нэр төрөлд багтахаар “өрсөлдөж” байгаагийн дотор Шинэ Зеландын  “Хонь хяргалтын спорт” гэх жигтэй, бас инээдэмтэй төрлийн санал ч идэвхтэй явж байгаа гэнэ.
 
Харин энэ бүхэнтэй харьцуулахад, олон зууны тэртээгээс уламжлалтай, цэрэг дайчдын бэлтгэл сургуулилаас үүдэлтэй, эр хүний бие бялдар, шандас шөрмөс, уран  мэх, хурд хүчийг шалгасан, монгол үндэснийхээ бөхийг олимпийн наадмын  бөхийн спортын  төрөлд багтаах талаар манай улсын Үндэсний Олимпийн Хорооноос санаачилж, үндэслэл юуг нь сонирхолтой, тод томруун гаргаж, саналаа албан ёсоор Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-нд өргөн барьж болохгүй гэж үү?
 
  Аливаа нэг  спортыг олимпийн спортын нэр төрөлд оруулахад ОУОХ-ны дүрэм журам (Харт), тодорхой өндөр шалгуур үзүүлэлт байдаг нь мэдээж боловч боломжтой гарцыг эрэлхийлж, олж, шийдвэрлүүлж болохгүй юу?
Хэрэв тэгж чадаж гэмээ нь, дэлхийн их спортын тавцанд манай үндэсний ууган спорт- монгол бөхийн нэр хүнд төдийгүй Монгол Улсын маань нэр  алдар дуурсагдаж, бас ч тэрхүү спортынхоо төрөлд монгол тамирчид хүч чадлаа илүүц дайчилж, хошуучлан оролцож байх сайхан боломж ч нээгдэнэ шүү дээ.  
Ний нуугүй хэлэхэд, дэлхий бараг тэр аяараа даяаршиж байхад үндэсний бөх маань “Зөвхөн Монголдоо” гэдэг уриатай байгаад байх нь зарим талаар үнэндээ, учир дутагдалтай л санагддаг юм.  
Тухайлбал, цол гуншин өндөртэй, чадал тэнхээтэй нэг нь цол багатай, чадал муухантай нэгийг нь амлаж аваад хялбархан хаяж, аргацааж давсаар яваад түрүүлчихнэ. Цаашлаад, “начны найраа” гэх авилга цухуйж, бас “сэргээш” гэх хортой эм тан мэр сэр илэрч, хайран сайхан спортын нэр хүнд буурч мэдэхээр болж байгаа нь нууц биш шүү дээ.
Монгол үндэсний бөхөө олимпийн спортын төрөлд оруулахаар ОУОХ-нд өргөн мэдүүлэхдээ, мэдээж, цол дуудаж ам авах гэх мэт зарим зүйлийг нь дүрмээсээ хасч, зааварт нь зохих өөрчлөлт оруулж чамбай болгох шаардлагатай болж таарна. 
Монгол үндэсний бөх маань олимпийн спортын бөхийн төрөлд багтчихвал дэлхийн бусад улсуудаас тэр төрөлд барилдахаар гарч ирэх “хар, шар, цагаан” арьст тамирчдаас  манай монгол бөхчүүд “амлаж” авахгүй, бас нөгөө элдэв “найраа” ч байхгүй болохоор жинхэнэ ёсоор бэлтгэлээ хийж, дэвжээн дээр ёстой л ана мана, “яс” үзэхээс өөр аргагүй болно. 
Ингээд эцсийн үр дүндээ, хэн нь жинхэнэ аварга, арслан бэ гэдэг нь монголын төдийгүй дэлхийн үзэгч түм буман хүний нүдэнд цэвэр тунгалгаар харагдах болно. 
Мэдээж, улсын их баяр наадам, цагаан сар зэрэг томоохон баяр ёслолоор эх орондоо (дотооддоо) хүчит бөхийн барилдаан өнөөгийнхөө уламжлалт журам дүрмээрээ зохион байгуулагдаж байх нь тодорхой. 
Төгсгөлд нь товчхон дүгнэж хэлбэл, монгол үндэсний бөх олимпийн спортын нэр төрөлд багтчихвал бөхчүүдийн нэр хүнд улам дээшилж, бас улсын маань алдар нэр дэлхийн их спортын түүхэнд бичигдэх болно. 
 
Монгол үндэсний ууган спорт мандтугай!
 
 
 
Доктор (Ph.D) М.Хүрлээ