Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагыг Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд өнөөдөр гардууллаа.
Энэ талаар Т.Аюурсайхан гишүүн, “УИХ-ын дарга бол чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг товлосон хугацаанд тогтмол явуулах үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн гурван долоо хоног УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдсангүй. Хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээж байгаа. Тиймээс УИХ-ын дарга ч мөн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй тохиолдолд уг шаардлагад гарын үсэг зурсан гишүүд чуулган болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй. Өнөөдөр бид нэг хүний албан тушаал чухал уу, нийт ард түмний төлөөлөл болсон УИХ чухал уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. М.Энхболд Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан ч нийгэмд тулгамдаад буй хот төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Тиймээс УИХ-ын гишүүд энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй” гэлээ.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцохыг шаардах болно. УИХ-ын нийт гишүүдийн 50-иас илүү хувь нь М.Энхболд даргатай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлж байхад үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Шаардлагыг хүлээж авахгүй бол иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болно” гэв.
Уг шаардлагад УИХ-ын нийт гишүүдийн 50 гаруй хувь гарын үсэг зуржээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг