sonin.mn
Бөхийн хорхойтнуудын цангааг тайлсан шинэлэг барилдааныг  өнгөрөгч бямба гарагт Спортын төв ордонд зохиов. Барилдаанд 21 аймаг, хоёр дүүрэг, бүх цэргийн наадамд түрүүлсэн 24 шинэ арслан тойргоор барилдаж өрсөлдсөн юм. Яг ийм барилдааныг хорь шахам жилийн өмнө 1989 онд Халх голын ойд зориулан зохиожээ. 
Тухайн үед Архангай аймгийн арслан Г.Ганбаатар түрүүлж, Дорнод аймгийн арслан М.Чимэддорж үзүүрлэж байсан түүхтэй гэнэ. Энэ талаар Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийн тэргүүн, аймгийн арслан Н.Гантулга “Өнгөрөгч хавраас монгол бөхийн өргөөний үйл ажиллагаанд доголдол учирч, үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн болон тэргүүний талаарх маргаан дэгдсэн. Үүнээс болж бөхийн өргөөнд зохион байгуулдаг олон барилдаан цуцлагдаж, бөхчүүд болон бөхөө дээдэлдэг ард түмэн минь хохирч байгаа билээ.
 Тэгэхээр бид аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлийг албан ёсоор байгуулж, хоёр талыг шүүхийн шатан дээр маргаж байх хугацаанд бөхчүүдийнхээ байнгын бэлтгэл сургуулилт болон барилдаан дээр нь анхааръя гэж шийдсэн. Энэ жил аймгуудаас маш сайхан арслангууд төрсөн учраас аймгийн арслангуудын дунд барилдаан зохион байгуулахаар болсон. Өнгөрөгч аравдугаар сард нийслэлийн ойд зориулж анхны нээлтийн барилдаанаа зохион байгуулсан. Арваннэгдүгээр сард Хадаа аваргын нэрэмжит барилдааныг Спортын төв ордонд зохион байгууллаа. Бөхийн өргөө хаагдсанаас болж бөхчүүд энд тэнд зал түрээслэн барилдаж байна. Тэгэхээр үндэсний бөхийн холбооны тэргүүнүүд маань хурдхан эвээ олж, бөхийн өргөөг нээгээсэй гэж хүсч байна” гэлээ. 
 
 “Х.Баянмөнх аварга: Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлчийн хурал хойшилчихоод байна. Миний үзэл баримтлал бол эвлэрье гэж бодож байгаа. Хоёр холбоо нийлээд дундаасаа бүрэлдэхүүнээ гаргаад гэрээ хийгээд нэг бүлэг болоод ордоноо нээе, ажлаа явуулья гэсэн саналтай байна”  
 
Хоймор суудалд үндэсний бөхийн холбооны маргалдагч талуудын төлөөлөл болсон дархан аврага Х.Баянмөнх, улсын заан Б.Сайнбаяр нар тохой нийлүүлэн сууж, бөхийн барилдааныг шимтэн үзсэн. Энэ үеэр дархан аварга Х.Баянмөнхийн байр суурийг сонслоо. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлчийн хурал хойшилчхоод байж байна. Миний үзэл баримтлал бол эвлэрье гэж бодож байна. Хоёр холбоо нийлээд дундаасаа бүрэлдэхүүнээ гаргаад гэрээ хийгээд нэг бүлэг болоод ордноо нээе, ажлаа явуулъя гэсэн саналтай байгаа.
Ганцхан шүүх, хуулийн байгууллагын шийдвэрийг хараад байж байна. Шүүхийн асуудал бол юу болдог бол доо. Шүүх дээр асуудал их уддаг юм байна. Наана нь бөхийн өргөөгөө нээгээд барилдаанаа зохион байгуулаад явж болдоггүй юм болов уу гэж ярьж байгаа. Энэ хамгийн зөв зам. Ахмад бөхчүүд, ард түмэн ч гэсэн надад эвлэрээч гэж хэлж байна. Засаг төрийн байдал ийм байхад бөхчүүд бид тэднийг дуурайгаад байгаа ч юм шиг, ийм байдалтай байж болохгүй. Цөмөөрөө нийлээд, дундаа сайхан зөвлөлдөөд холбоогоо нэгтгээд барилдаанаа явуулъя. Барилдааны дүрмийг өөрчлөх шаардлагатай байна. Хоцрогдсон юм их байна. Сайхан зохион байгуулаад эрчтэй, барилдаад явъя гэж бодож байгаа. Өнөөдрийг  хүртэл бид санал солилцоод явж байна” гэсэн юм. 
Бөхийн өргөө хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт бөхчүүд болон бөх сонирхогчдын дунд бий болчхоод байгаа нь энэ барилдаанаас тодхон харагдаж байлаа. Харин аймгийн арслан П.Даваажав, Нэг бодлын үндэсний бөхийн холбоог улсын мэдэлд авчихвал үйл ажиллагаа нь цэгцрээд ирж магадгүй гэж байлаа. Тухайлбал, аймгийн заан Х.Мөнхжаргал “Бөхчүүдийн дунд хоёр холбооны маргаан бушуухан шийдэгдээсэй. Шийдэлд хүрчих юм бол үзэгчид, бөхчүүдэд хэрэгтэй. Шүүх цагдаагаар нэгэнт шийдэгдэхгүй байгаа юм чинь онц их эе зарлаж шийдэгдэх болов уу гэж харж байгаа” гэж ярив.  
 
 “Бөхийн өргөө хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт бөхчүүд болон бөх сонирхогчдын дунд бий болчихоод байгаа нь энэ барилдаанаас тодхон харагдаж байлаа”
 
Бөхийн хорхойтнуудын дунд жил жилийн түрүүлсэн аймгийн арслангуудыг хооронд нь өрсөлдүүлж, чанартай барилдаан зохион байгуулах тухай олон жил яриа өрнөсөн. Тэгвэл аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл энэхүү барилдааныг 19 жилийн дараа анх удаа зохион байгуулж, бөхийн хорхойтнуудын цангааг тайлсан нь энэ юм. Барилдааны эхний арван тойргийн байдлаар Увс аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ уран хурц барилдаан үзүүлж, үзэгч олныг шуугиулж байсан ч бэртлийн улмаас барилдааныг орхисон нь үзэгч олныг гонсойлгосон явдал болов. Шилдэг 24 арслангийн тойргийн барилдаанд Дорнод аймгийн арслан Б.Батдорж 18 даваатай түрүүлсэн бол Төв аймгийн арслан Э.Ууганбаяр 17 даваатай үзүүрлэжээ. Б.Батдорж арслангийн хувьд хамгийн гол өрсөлдөгч болох Э.Ууганбаярт унасан нь үзэгчдийн дунд тааварлашгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Гэсэн ч Б.Батдорж арслан үүнээс хойш нэг ч уналгүй явсаар түрүүлж, нэг сая төгрөгийн эзэн боллоо. 
Харин гуравдугаар байрт Булган аймгийн арслан Э.Сумьяабат, дөрөвдүгээр байрт Налайх дүүргийн барилдаанд түрүүлсэн, Булган аймгийн харьяат Б.Түмэндэмбэрэл, тавдугаар байрт Хэнтий аймгийн арслан Д.Аззаяа оржээ. Барилдааны эхний арван байрыг шагнаж, 24 бөхөд өөрсдийнх нь хөрөг бүхий Эрдэнэт хивсийг зохион байгуулагчдын зүгээс бэлэглэсэн юм. Энэхүү барилдааны түрүү бөхийн талаар бөх сонирхогч Т.Түмэндэмбэрэл ингэж таамаглаж байжээ. 
 
24 Арслангийн барилдаанд
 
Хориггүй түрүүлэх нь хэний хэн бэ?
Хурдаар илүүрэхээд, шуугиулж барилдвал Батсүхийн Зоригтбаатар
Арлаар илүүрэхээд, аархаж барилдвал Будын Амгаланбаатар
Тэсвэрээ харуулж, тэмцэлтэй барилдвал Пүрвээгийн Өсөхбаатар
Тэнхээгээ гаргаж, нягтарч барилдвал Оюунгэрэлийн Наранбаатар
Хэмжээгүй их бяртай нь түрүүлбэл Эрдэнэбилэгийн Ууганбаяр
Хэнээс ч эмээхгүй эрэмгий нь түрүүлбэл Баярсайханы Орхонбаяр
Барьцандаа хүрээд, дайчин барилдвал Ганболдын Өсөхбаяр
Барьцаар ааглаад, дайрч барилдвал Нямдоржийн Өсөхбаяр
Зайнаас дандаа мэхээ гүйцээвэл Сүрэнжавын Очирбат 
Зай өгөхгүй давшиж хөөвөл Энхбатын Сумьяабат
Унаган ташаагаа дархалж гайхуулбал Гансүхийн Хишигбат
Уран мэхийг хариулж дагуулбал Цэрэндоржийн Ганбат
Тооцоотой, судалгаатай нь шалгарч түрүүлбэл Бямбадоржийн Батдорж
Тогтохын аргагүй хонгодож, хутгавал Мөнхжаргалын Бямбадорж
Сугадан мушгиж, шуудагдан татвал Ганзоригийн Жамбалдорж 
Шуудхан золгож, бяралхан түрвэл Энхтөрийн Баасанжав
Барьцаар "саатуулж", барилдаанаа гаргавал Мөнхтуяагийн Батцэнгэл
Барилдах урлагийг "өнгөтөөр" харуулбал Жамсрангийн Ням-Эрдэнэ
Мэдэрч суллаад, мэхээ даалгавал Даваадоржийн Эрдэнэтулга
Мэдрэмж, чадвар, авьяасаар "түрэмгийлбэл" Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
Ширэн бээлийтний шидийг харуулбал Төлекийн Ерболат 
Шийдсэн мэхний амтыг үзүүлбэл Баатарсүрэнгийн Баатархүү
Нягт тооцоолж, алдаагүй барилдвал Энх-Амгалангийн Ариунбуян
Нямбай барилдаж, чамбай бэлтгэвэл Даваасүрэнгийн Аззаяа түрүүлэх биз ээ.
 
СЭТГҮҮЛЧ: Б.НАРАНЧИМЭГ
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин