sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Пума Империал зочид буудалд Монгол үндэсний бөхийн өнөө цагийн Манлайлагчид болсон Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар 16 жил үргэлжилж байгаа Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны удирдлагын асуудлын маргаанаас илүүтэй олон зууны уламжлалт Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс дэг, өв соёлоо эрхэмлэх нь бидний чин ариун үүрэг гэдгийг сонордуулахаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа.
УИХ-ын гишүүн, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ: “ Дархан аварга Х.Баянмөнх аварга бид хоёр бол үндэсний бөхийн эрэмбээр нийт бөхчүүдийнхээ манлай аваргууд билээ. Х.Баянмөнх  аварга бид хоёр 20 насны зөрөөтэй, аав хүү, багш, шавийн барилдлагатай Дархан аварга бөхчүүд. Иймд үндэсний бөхийн уламжлалт их ёс дэг, жаягийн дагуу бид хоёр үүрэг хариуцлагаа хүлээж Үндэсний бөхийн Түр зөвлөлийг байгуулсан. Түр зөвлөлийн үндсэн үүрэг бол МҮБХ-ны өнөөгийн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлэх хүртэл удирдах юм. Эн тэргүүнд өнөөдөр олон сар цоожтой байгаа Бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь хэвийн болгоно. Миний хувьд Х.Баянмөнх аваргатай хэзээ ч хүндлэлгүй харилцаж байгаагүй. Монгол үндэсний бөхөд ёс жудаггүй үйлдлийг хатуу цээрлэж, уламжлалт ёс дэгээ эрхэмлэн дээдэлж ирсэн түүхтэй. Энэ монгол бөхийн эрхэм чанар. Хэрвээ би Дархан аваргад хаа нэгтээ таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай гэж хэлье. Бидний муудалцсан мэтээр харлуулдаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Бид Монгол бөхийнхөө төлөө хамтдаа байгаа шүү” гэлээ.
Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх: “ Д.Бат-Эрдэнэ аварга надтай хүндлэлгүй харилцаж байсан удаа байхгүй. Харин үзэл бодлын зөрөө л байгаа болохоос огт муудаж байгаагүй. Бид хоёр тэргүүн дархан аваргуудын хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан, бөхийн их эе, эвээ эрхэмлэн бөхчүүдээ манлайн удирдаж Түр зөвлөл байгуулсан. МҮБХ-ны удирдлагын асуудал бол тусдаа асуудал. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс бид Түр зөвлөлөө татан буулгана. Харин цаашид энэ бөхчүүдийн маргаан үргэлжлээд байвал Нэгдсэн хурал хийж нэг л холбоог байгуулах болно. Өнөөдөр Бөхийн өргөө хаалгаа бариад олон сар боллоо. Тэнд ажиллаж байсан 30 гаруй хүн ажилгүй, цалингүй, Өргөөнд заларсан олон тугнууд шороо тоосонд дарагдсан байдалтай байна. Тиймээс бид хоёр Бөхийн өргөөний үйл ажиллагааг өнөөдрөөс сэргээж, үүд хаалгыг нь нээнэ. Энэ маргаанаас болж бөхчүүд, бөх сонирхогчид болон бөхөө дээдлэгч ард түмэн маань хохирох ёсгүй. Монгол бөхийн олон зууны уламжлалт ёс дэг, эрэмбэ гэдэг эрхэм зүйлээ бид баримтлах үүрэгтэй. Манай бөхчүүд цол, эрэмбээ ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн. Та бүхэн бөхчүүд өөрөөсөө дээгүүр цолтой бөхийн дээд талд суудаггүй гэдгийг мэднэ. Энд би нэг жишээ хэлэхэд, Даншиг наадмын заан цолтой, 92 настай Содном гуайг би нэг удаа дээш нь суулгах гээд чадаагүй. Содном заан, тэгж бөхийн ариун ёс жудагаа алдахгүй гээд байж билээ. Өнөөдөр ч бид энэ эрхэм ёс жудагаа баримталж ирсэн ард түмэн. Үндэсний бөх бол зөвхөн монголчууд бидний өв соёл болсон эрхэм зүйл” хэмээн онцоллоо.  
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг