sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Перу улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаа “Дакар ралли-2019” уралдааны 3 дахь гарааны автомашины ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар бариандаа амжилттай орлоо.
Энэ өдөр нийтдээ 798 километр замыг туулсан бөгөөд уралдааны цаг тооцох 331 километрийг 7 цаг 18 минутад туулж 58 дугаар байр эзэлжээ. Дакар Раллигийн гурав дахь өдрийн гараанд Дакарын домог Стефане Петерхансел түрүүлсэн бөгөөд  тэр өмнөх хоёр өдрийн гараанд сайн амжилт үзүүлж чадаагүй байв.
 
 
Харин энэ өдөр Петерхансел хоёрт орсон тамирчнаас 3 минут 26 секундын өмнө барианд орлоо. Түүний ард өмнөх өдрийн уралдаанд тааруу уралдсан Нассер Ал Аттияа орсон юм.
“Дакар Ралли-2019” уралдааны гурав дахь өдрийн мотоциклийн гараанд Франц тамирчин Хавьер Дэ Соултра түрүүллээ. Өмнөх өдрийн гараанд түрүүлсэн, өнгөрсөн жилийн аварга Маттиас Валкнер, энэ жилийн раллид маш сайн байгаа Рики Брабек нар эхний 10-т ч багтсангүй. Пабло Күинтанилла тэргүүлэгчээс ердөө 15 секундын ард оржээ. Кевин Бенавидис, Ван Беверен, Сэм Сандерланд гэсэн дарааллаар энэ гарааны эхний тавыг бүрдүүллээ. Дакар Раллигийн гурав дахь өдрийн гараа цаг агаарын маш хүнд нөхцөлд өрнөсөн байна.
 
 
Мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа биедээ гэмтэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар 331 километр замыг 6 цаг 27 минутад дуусган нийтдээ энэ өдөр 798 километрийг ьуулж 85 дугаар байраар барианд орж чадлаа.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг