sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дакар ралли 2019”-д автомашины ангилалд уралдаж буй манай баг тамирчид өдөр бүр амжилтаа ахиулсаар долдугаар гараанд 36 дугаарт барианд орлоо.
Автомашины UTV Open ангилалд уралдаж буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 7 дахь өдрийн 323 км замыг 6 цаг 23 минутад туулснаар 36-д эрэмбэлэгдлээ.
 
 
Ийнхүү нийт дүнгээр долоон гарааны дараа тэд 36 дугаар байранд мөн бичигдэж байна. Дакар Раллигийн албан ёсны нэвтрүүлэгт тэдний дүрс энэ гараанаас орж ирсэн нь ямар өндөр амжилттай уралдаж явааг нь илэрхийлж байгаа юм.
 
 
Өмнөд Америкийн Перу улсад үргэлжилж байгаа “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд гурван өдрийн гараа үлдлээ. Монгол Улсаас мотоциклийн ангилалд 120 дугаартай уралдаж буй ОУХМ Н.Лхамаа ням гарагт /2019.01.13/ болсон зургаа дахь гарааны дараа тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
 
 
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа: “Элснээс мотоциклио гаргах гэж ноцолдож байх үед 516 дугаартай ачааны машин анхааруулга болгож газар тавьсан байсан миний дуулга /каск/-ыг дайрч уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо. Намайг Дакар Раллигийн гараа болгоны уралдаанд сэтгэлээрээ дэмжиж урам хайрласан нүүр номын найзууддаа баярлалаа” гэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, “Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байгаа юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг