sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Спортын төв ордонд пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх удаагаа аваргын алтан медаль хүртээд байгаа Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээллээ.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ удаагийн аваргын алтан медалийг Aрабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон ДЦАШТ-ээс хүртсэн байна.  
Тэрбээр “Токио 2020” зуны олимпийн эрхийн төлөө бэлтгэлээ эрчимжүүлж байгаа гэдгээ онцолж байв. Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Мексикт болсон ДАШТ-ээс эхлэн -107 кг жинд өрсөлдөж эхэлсэн. Энэ жиндээ тэргүүлэх зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. 2018 онд Индонезид болсон Азийн наадмаар Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Энэ онд олон тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ. Дубайд болсон Дэлхийн цомын тэмцээний үед допингийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Бэлтгэл сургуулилт сайн байгаа болохоор энгийн тамирчид өрсөлддөг тэмцээнд давхар оролцоод явна. Жиндээ тэргүүлэх зорилго тавин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэмцээн бүр дээр өрсөлдөгч нараа судалж байгаа. “Токио 2020”-д Иран зэрэг олон орноос шилдэг тамирчид оролцох учраас эртнээс бэлтгэж байна.” хэмээн Э.Содномпилжээ ярьсан юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг