sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг өнөөдөр нэгэн түүхэн тоглолтыг эх орондоо хийхээр бэлэн болжээ.
“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Риомион” клубтэй тоглохоор болсон. Эхний тоглолт өнөөдөр 14 цагаас Монголын хөлбөмбөгийн талбайд болох бол хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр Пхеньян хотод болно.
Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байна.
Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авсан байна. “Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрдсэн юм.
“Эрчим” багийн хувьд Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг