
ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 23 /Press TV/. Дэлхий даяар олборлож буй нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж Ираны эрх баригчид дахин сүрдүүлжээ. АНУ тус улсын цөмийн байгууламжуудад зургаадугаар сарын 22-ны ням гарагт цохилт өгсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
Ираны парламент хоолойг хаах шийдвэр гаргажээ
Ираны Press TV сувгаар парламентын гишүүн, генерал Исмаил Коусаригийн мэдэгдлийг эш татан мэдээлснээр, тус улсын парламент Ормузын хоолойг хаах шийдвэр гаргажээ. Эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Уг зөвлөлийг албан ёсоор Ираны Ерөнхийлөгч удирддаг боловч шийдвэр гаргах эрх мэдэл нь дээд удирдагч аятолла Али Хаменеид байдаг.
Зургаадугаар сарын 14-нд Израил улс “Босон тэмцэгч арслан” нэртэй ажиллагаа эхлүүлсний дараахан генерал Коусари “Ормузын хоолойг хаах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Иран улс энэ тал дээр эргэлзэлгүйгээр шийдвэр гаргана” хэмээн мэдэгдэж байв. Харин одоогоор ямар нэгэн бодит алхам хийгээгүй байна.
Генерал: “Бид хоолойг хэдхэн цагийн дотор хаана”
Зургаадугаар сарын 22-нд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний командлагч генерал Алиреза Тангсири мөн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ. “Хэрэв манай бүрэн эрхт байдалд халдах ажиллагаа үргэлжилсээр байх аваас Ормузын хоолойг бүрмөсөн хаах болно” гэж тэрбээр мэдэгдсэнийг Samaa телевиз дамжуулжээ. Тэрбээр уг хоолойг "хэдхэн цагийн дотор хаана” гэж мэдэгдсэн байна.
Ормузын хоолойгоор дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 30 хүртэл хувь, нефтийн 20 хүртэл хувь нь дамжин өнгөрдөг. Хамгийн нарийхан хэсэгтээ энэ хоолой 33 км өргөн ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Ормузын хоолойг хаалгүй яахав ! Ингэж доромжлуулчихаад дээрэлхүүлчихээд хоолойг хаахгүй бол нүдний булай болно ! Трампыг уучлал гуйж бууж өгтөл нь хоолойг нам хаах хэрэгтэй !!
YAJ HAAJ CHDH BE DEE ? HUDLA TO DUUGARCH BGAA YUM KKK CHADAL N HUREHGUI HUURHIII