sonin.mn

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус төвийн дарга Г.Гантуяа болон мэргэжилтнүүд: "Шалгалтанд 43 мянган шалгуулагч оролцож дөрвөн өдөр шалгалт өглөө. Улаанбаатар хотод 21 мянга нь шалгалт өгсөн. Элсэлтийн шалгалтыг 3000 орчим багш зохион байгуулж ажилласан. Элсэлтийн шалгалтыг 2006 оноос хойш явж байгаа жишгээр явуулсан.

Шалгалтын асуултуудыг тагнуулын байгууллагын тусламжтайгаар боловсруулж, мөн тэдний тусламжтайгаар орон даяар тараасан. Тийм учраас шалгалтын материал задрах боломжгүй.

3600 хүүхэд шалгалтын оноогоо дүйцүүлсэн. 2025 онд нийт 10 хичээлээр шалгалт өгсөн. 800 оноо авсан шалгуулагчдын тоог мөн танилцуулсан бөгөөд энэ онд нийт 171 хүүхэд 800 оноо авсан.     

Өмнөх онуудын шалгуулагчдын дундаж оноотой харьцуулахад энэ жилийнх огцом буураагүй, ижил байсан. Шалгалтыг зохион байгуулах, авах, шалгалтын асуултуудыг стандартаар баталсан байдаг. Энэ онд өмнөх оныхоос 1000 орчим хүүхдээр шалгуулагчийн тоо өссөн.      


Долоон хүүхэд гар утастайгаа орсон байсныг металл илрүүлэгчээр илрүүлсэн. Жил бүр 30 хүн шалгалтын асуултуудыг боловсруулдаг. Тэдний дунд ЕБС болон их, дээд сургуулийн багш нар ч бий. Тэд элсэлтийн шалгалтын өмнө вакуумжсан орчинд ажиллан, асуултуудыг боловсруулдаг. 


Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг 6-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу боловсруулсан. Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар нь сургалтын хөтөлбөрөөс зөрсөн, өөр агуулга орсныг нотолсон зүйл байхгүй. Бүх шалгалтын даалгаврыг сурах бичигтэй тулгадаг. 


Шалгуулагч хүүхдийн оноонуудыг блокчэйнд байршуулдаг. Их дээд сургуулиуд оноог татаж авдаг. Ингэхдээ сургууль бүрийн татаж авах хугацаа өөр өөр байдаг. Жишээ нь МУИС хамгийн олон хүүхдийн оноог татаж авдаг тул уддаг. Их сургуулийн системүүд өөр.

ЭЕШ бол шалгуулагчдыг эрэмбэлдэг уралдаанд шалгалт бөгөөд даалгавар бүр тодорхой хугацаанд хийж гүйцэтгэхээр тооцоолж, боловсруулдаг. Энэ нь тухайн шалгуулагчаас авхаалж самбаа, ур чадвар шаарддаг. ЭЕШ-тай холбоотой санал гомдлыг өнөөдрөөс хүлээн авч, шийдвэрлэж ажиллана” гэв.


Э.Солонго