sonin.mn

АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөнтэй холбоотойгоор Иран хариу барьж, дэлхийн хамгийн ачаалалтай газрын тос тээвэрлэлтийн гарц болох Ормузын хоолойг хаах магадлалтай гэх таамаг хүчтэй яригдаж байна. Тэгвэл энэ асуудлыг дэлгэрэнгүй авч үзье.


Ормузын хоолой гэж юу вэ?


Байршил: Ираны хойд, Оман ба АНЭУ-ын өмнөд хэсэгт байрладаг.


Хэмжээ: Орох, гарах хэсгээрээ 50 км байдаг ба хамгийн нарийн хэсэгтээ 33 км өргөн.


Үүрэг: Персийн булан болон Арабын тэнгисийг холбож, газрын тос тээвэрлэх дэлхийн хамгийн чухал гарц.


Дамжуулалт: Өдөрт дунджаар 20 сая баррель газрын тос (2023 оны эхний хагас). Жилд ойролцоогоор 600 тэрбум ам.долларын эрчим хүчний худалдаа явагддаг гэсэн үг.

Иран, Ирак, Кувейт, Катар, Саудын Араб, АНЭУ зэрэг улсууд энэхүү гарцыг ашигладаг.



Хаах нь ямар үр дагаварт хүргэх вэ?


1.Газрын тосны үнэ огцом өснө.


2.Олон улсын худалдаа саатаж, инфляц дэлхий даяар нэмэгдэнэ.


3.Хятад, Энэтхэг, Япон зэрэг Ази тивийн том импортлогч орнуудад хүчтэй нөлөөлнө. Учир нь Хятад Ираны газрын тосны 90%-ийг авдаг, Энэтхэгийн газрын тосны 50%, байгалийн хийн 60% нь Ормузын хоолойгоор дамждаг.

Япон мөн импортынхоо 75%-ийг энэ сувгаар авдаг ба Өмнөд Солонгосын газрын тос, хийн импортын 60% нь уг хоолойгоор дамждаг.



Иран хэрхэн хааж чадах вэ?


Хоолойн нарийн хэсгүүд нь Иран, Оманы нутаг дэвсгэрт бүрэн хамрагддаг (12 далайн милийн доторх усан хил).


Иран ямар арга хэрэглэх вэ?


1.Усан мина тавих (түргэн завь, шумбагч онгоц ашиглана),


2.Коммерс болон цэргийн хөлөг онгоц руу довтлох (IRGC болон Ираны флотын зэвсэглэлээр),


3.Пуужингийн систем ашиглах.


АНУ болон холбоотнууд ийнхүү хаагдвал хариу арга хэмжээ авч, тээврийн урсгалыг цэргийн хүчээр сэргээж болзошгүй.

1980-аад онд АНУ Персийн буланд танкер хамгаалах түүхэн дэх хамгийн том усан цэргийн ажиллагааг явуулж байсан.




Иран үнэхээр хаах уу?


Өмнө нь Иран олон удаа ийн сүрдүүлж байсан ч бодитоор хааж байсан удаагүй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио: "Ираны зүгээс хоолойг хаах нь "эдийн засгийн амиа хорлолт" хэмээн анхааруулж, мөн БНХАУ-ыг Ираны уг үйлдлийг зогсоохыг уриалсан билээ.

Газрын тосны үнэ өсөх, тээвэр тасалдах нь Хятадад ч ашиггүй. Иймээс ч тус улс Иранд шахалт үзүүлж болзошгүй.



Сөрөг нөлөөг бууруулах өөр гарцууд бий юу?


Персийн булангийн орнууд сүүлийн жилүүдэд альтернатив экспортын замууд нээсэн юм. Тодруулбал:


Саудын Араб: Зүүн-Баруун шугам (East-West pipeline): 1,200 км урт, өдөрт 5 сая баррель тээвэрлэх чадалтай.

2019 онд байгалийн хийн хоолойг түр хугацаанд газрын тос тээвэрлэлтэд ашигласан.


АНЭУ: Fujairah боомт руу холбогдсон шугам: Өдөрт 1.5 сая баррель тээвэрлэх хүчин чадалтай.


Иран: Горех–Жаск шугам (2021): Оманын булан руу газрын тос дамжуулах зориулалттай, одоогоор өдөрт 350,000 баррель тээвэрлэж байгаа. Гэсэн ч эдгээр бүх зам нийлээд Ормузын хоолойгоор дамжиж буй газрын тосны 15%-ийг л орлох боломжтой.


Дүгнэлт:


Ормузын хоолойг хаах нь Ираны хувьд тактикийн хувьд боломжтой хэдий ч стратегийн хувьд маш өндөр эрсдэлтэй алхам. Ийм үйлдэл нь зөвхөн АНУ бус бүс нутгийн бусад хөрш орнууд, тэр ч байтугай Хятадын эсэргүүцэлтэй тулгарна. Хэдийгээр Иран энэ гарцыг түр хаах чадалтай ч,АНУ болон түншүүд түүнийг хурдан сэргээх төлөвлөгөөг аль хэдийн боловсруулсан байдаг юм.




Gavin Butler-ын "Strait of Hormuz: What happens if Iran shuts global oil corridor?" нийтлэлийг орчуулав.


Эх сурвалж: bbc.com


М.Гал