sonin.mn

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Төрийн их баяр наадмын Хүндэт зочноор энэ удаа Цог Жавхлант Эзэн Хаан гэргийн хамт тодорчээ.




Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал. Түүхээ сөхвөл ерөөсөө Японы Эзэн хааны анхны түүхэн айлчлал болох бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.


Энэ тухай саяхны түүх сөхөж өгүүлье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд тус улсад Төрийн айлчлал хийх явцдаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг тунхагласан. Энэхүү айлчлалд дагалдан оролцсоны хувьд тухай үед (2022.12.16) бичиж байснаа уншигчиддаа дахин толилуулъя. 


“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн 2022 оны Хамтарсан мэдэгдлээ цааш нь тайлбарлая.



Хамтарсан мэдэгдэлд даруухан тэмдэглэсэн болохоос аман хэлэлцээ, бусад уулзалт, хоёр даргын хэвлэлийн хурал дээр олон улсын харилцаа тун амаргүй байна, бүр ноцтой байна гээд тиймийн жишээг Украин дахь дайн хэмээн ноён Ф.Кишида хэлж байсан.



Манай Ерөнхийлөгч мэдээж тэр үгсийг давтахгүй, төвийг сахисан байр сууринаас хоёр талын харилцаагаа голлож ярьсан. Гэвч Хамтарсан мэдэгдэлд “Талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах”-ын төлөө байгаагаа нотолсон. “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдсэн нь ч тийм зорилготой. “Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа” гэсэн хэсгийг уншихад хариулт нь аяндаа харагдана.


“НҮБ-ын дүрэм, хуулийн засаглал”, “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл”, “НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг”, “Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэх”, “Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа”, “Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа”, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэх”, “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжих, “Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаах”, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллах”, “хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх”-ийг уриална гэхчлэн бичээтэй буй.


“НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үүднээс Украины ард түмний зовлон бэрхшээлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв” гэдэг заалт энд анхаарал татна. “Украины ард түмний зовлон бэрхшээл” гэсэн нь битүүхнээр хамтын байр сууриа илэрхийлчихсэн мэт. “НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцод заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов” гэсэн нь “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны тусгал ч юм шиг.



“Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт” гэх утга санаа айлчлалын үед харамгүй яригдлаа. Энэ бол шинэлэг үзэгдэл юм. Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдэж, Монголын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашид ард түмэн хоорондын солилцоо, харилцан ойлголцолыг гүнзгийрүүлнэ.



Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах гээд заажээ.


Сэдэвт шууд бус хамаатай гээд би өмнөх нийтлэлдээ эшлэсэн дээ. “Монголд ажилч хичээнгүй хүнд хийх ажил олон байна” гэсэн гарчгаар Монголд дүрвэн ирсэн орос залуус ажиллаж буй тухай. Манай эх орныг зориод ирсэн гадаадын ямар ч иргэн иймэрхүү ойлголттой байдаг, тийм ойлголттой буцдаг. Хийх ажил асар их байна, захаас аван байна, түүнийгээ хийхгүй байна гэсэн яриа хөөрөө, нөхөрсөг шүүмж бишгүйдээ сонсож явлаа, япон иргэд ч ил далд нөхөрсгөөр хэлж ярихыг сонссон. Тэр өнцгөөс бичиж уриалъя. Зовж бүтээсэн Монгол-Японы энэ харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, тэгэх тусмаа япончууд яг олоод харчихсан-монголчуудыг чадваржуулах, хөдөлмөрлүүлэх, монгол хүн рүү нь чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа дээр нь бид эндээсээ ажилч хичээнгүйгээр тосч аваад хэрэгжүүлээсэй гэсэндээ бичиж байна.  


Хамтран ажиллах салбар чиглэлүүд ч тодорхой байна: 1) Улс төр, аюулгүй байдлын салбар (батлан хамгаалахын инженерийн техникийн хамтын ажиллагаа); 2) Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагаа; 3) Хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг–Чингис хаан аэрпортын менежмент, агаарын тээврийн чиглэл нэмэгдүүлэх; 4) Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрдэс баялаг, ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолт, эрчим хүчний тулгамдсан асуудал шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох; 5) Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт гэжээ. 


Хоёр хөрштэй тогтоосон харилцааг нэрлэхгүйгээр ерөөсөө гадаадаас хэт хамааралгүй болгоход нь Японоор туслуулах, нүүрс-химийн аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, хүрэн нүүрснээс ус төрөгчийн эрчим хүч гаргаж авах, ерөөсөө нүүрсийг хувиргаж бүтээгдэхүүн болгох бүх чиглэлд Монгол-Япон-магадгүй Австралийн гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлэх гээд цаашид бидний зүгээс анхаарах асуудал олон байна.  


Ийнхүү хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө хүсэл эрмэлзлээ илэрхийлж нотолсон айлчлалын тухай өгүүлэхэд товчхондоо ийм байна. Одоо дараагийн айлчлалаар найрамдалт харилцаа маань улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. 



Д.Баярхүү