sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 7-р сарын 3-ны өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, Украины асуудал, Ойрхи Дорнодын байдлын талаар санал бодлоо солилцов. Утсаар ярьсны эцэст холбогдох асуудлаар "ямар ч ахиц гарсангүй" гэж тухайн өдрийн орой Трамп мэдэгджээ.


Кремлийн сайтад мэдээлснээр, Путин, Трамп хоёрын яриа бараг цаг гаруй үргэлжилсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна. Бүх маргаан, санал зөрөлдөөн, мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх ёстой гэж Оросын тал онцолжээ. Мөн Орос, Америк Сирийн нөхцөл байдлын сүүлийн үеийн үйл явдлын талаар ярилцсан бөгөөд хоёр тал энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцах юм байна. 


Ушаков хэлэхдээ, Украины асуудлыг ярих үе Трамп мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоохыг дахин онцолжээ. Орос улс мөргөлдөөнийг улс төрийн хэлэлцээрээр шийдвэрлэхийг хичээх болно гэж Путин мэдэгдээд Орос, Украины хооронд хийсэн хоёр дахь шатны шууд хэлэлцээний үр дүнд байгуулсан хүмүүнлэгийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Трампад танилцуулсан байна. Тэрээр мөн хэлэхдээ, Орос улс хэлэлцээрийн үйл явцыг үргэлжлүүлэн ахиулахад бэлэн байна гэв.

Ушаков цааш нь хэлэхдээ, Орос улс Украинд чиглэсэн зорилгодоо хүрнэ, тухайлбал өнөөгийн нөхцөл байдал, ширүүн сөргөлдөөнд хүргэсэн “олон нийтээрээ мэдээд байгаа үндсэн шалтгаан”-ыг арилгана гэж Путин онцолсон. Орос улс эдгээр зорилгоо орхихгүй. Хоёр орны дипломат харилцаа, батлан ​​хамгаалах яам, ерөнхийлөгчийн туслахуудаар дамжуулан холбоотой байх талаар Орос, Америк санал нэгдсэн гэжээ.


Г.Бямба