sonin.mn

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 4 /NHK/. Авто машины татварын асуудлаар санал зөрөлдсөний улмаас Япон, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд хийж буй худалдааны хэлэлцээ зогсоод сар гаруйн хугацаа өнгөрч байгаа тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. 




Тохиролцоонд хүрэх хугацаа улам багасаж байгааг АНУ-ын өндөр албан тушаалтнууд тавдугаар сарын сүүлчээр Японы талд мэдэгдсэн байна. Худалдааны сайд Ховард Латник, худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар Японы эсрэг "нэмэлт арга хэмжээ" авч болзошгүйг анхааруулжээ. Эдгээр арга хэмжээнд АНУ-д нийлүүлэх Японы авто машины экспортыг хязгаарлахыг шаардсан санал багтаж магадгүй байна.




Харин Японы тал авто машинд ногдуулсан 25 хувийн татвар хэвээр үлдэх нөхцөлтэй ямар ч хэлэлцээр байж болохгүй гэсэн байр сууриа баримталсан хэвээр байгаа ажээ. Ерөнхийлөгч Д.Трампын нэрлэснээр “харилцан тарифыг” түр хойшлуулах хугацаа ирэх долоо хоногийн лхагва гарагт дуусгавар болох юм.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг