sonin.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК бол нүүрсний хулгайн гол обьект гэгддэг. Тиймээс, 2022 оны сүүлчээр нүүрсний хулгай босож ирэх үед Засгийн газар тус компанид анх зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож байв. Түүнээс хойш онцгой дэглэмийг гурван ч удаа сунгасан байдаг. Тухайн үед Засгийн газраас “...Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, ослоос сэргийлэх дүрэм журмыг нарийвчлан тогтоож, зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэх, Тавантолгой нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд нь авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад үүрэг болголоо” гэж мэдээлж байв. Онцгой дэглэм тогтоосон шалтгаан нь гэсэн үг.


Тэгвэл, энэ жилийн баяр наадмын өмнөх өдөр, 2025 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтоолоо. Энэ удаад “...”Тавантолгой нүүрс ачих логистикийн төв”-ийн байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн хүндрэл, хүнд суртлыг арилгах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанид онцгой дэглэм тогтоож байна” гэж тайлбарлав.Ингээд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг томилжээ. Тэрээр 9-ний орой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамгыг хүлээн авсан юм.


Түүнээс хойш, баяр наадмын эдгээр өдрүүдэд тус компанид зарим томилгоо хийсэн байна.


Үүнээс гадна, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оператор компаниудын тухайд өөрчлөгдөж магадгүй болжээ. Өнөөдөр тус компанид “Монгол майнинг энд эксплорэйшн”, “Платинум ланд”, “Эрдэс майнинг оператор”, “Голд магнет” зэрэг үндэсний операторын түншлэл, “Кей эй майнинг”, “Монгол майнинг энд эксплорэйшн”, “Платинум ланд”, “Эрдэс майнинг оператор”, “Голд магнет”, “Овоот толгой ресурсэс” гэсэн үндэсний уурхайчдын түншлэл, “Макс гүүр транс”, “Өгөөж баян хангай”, “Хавцгайт их хайрхан” зэрэг оролцсон үндэсний манлайллын түншлэл үйл ажиллагаа явуулдаг. Эх сурвалжийн мэдээллээр, эдгээр компаниудыг гаргаад оронд нь Хятадаас нэр бүхий компанийг “урьж” оруулж ирэхээр болж буй гэх мэдээлэл байна.


Гол нь, 2024 онд шийдвэрлэсэн “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежмэнтээр удирдуулна” гэсэн нь өөрчлөгдөж буй бололтой. Олон улсын менежмэнтийн багаар удирдуулах гээд сонгон шалгаруулалт зарлаад байсан юм.


Мөн, тус компанийн олборлосон нүүрсийг Биржээр арилжаалдаг ч зогсож магадгүй байна. Тодруулбал, тун удахгүй Биржийн хууль ч “хөдөлж” мэдэхээр болжээ. 


Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд очиж ажиллав. Тэр үеэрээ хэд хэдэн үүрэг даалгавар өгсний дотор “...Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуул” хэмээн даалгасан байна.


Түүнчлэн, “...Баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулсан. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажилла” гэж анхааруулсан байна.


Харин Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэн “...Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ” гэж танилцуулжээ.


Б.ГАРЬД


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин