sonin.mn

Алдарт хошин шогч, телевизийн домог болсон хөтлөгч Эллен ДеЖенерес Америкийн улс төрийн нөхцөл байдлаас болж Их Британид амьдрахаар шийдсэнээ анх удаа олон нийтэд ил тод ярьлаа.

Тэрээр Челтнэм хотод болсон уулзалтын үеэр “Бид АНУ-д буцаж очихгүй. Энд амьдрал илүү амар, илүү хүнлэг” хэмээн сэтгэлийн гүндээ бодож явдаг зүйлсээ нээлттэй хуваалцжээ.


 АНУ-аас Англи руу – Улс төрөөс зугтсан амьдралын шинэ эхлэл


Эллен, түүний эхнэр Поршиа де Росси нар Английн Котсволдс хэмээх байгалийн үзэсгэлэнт тосгонд 2023 оны 11-р сараас хойш амьдарч байгаа. Тэд уг нь улирал бүр хэсэг хугацаанд амьдрах бодолтой байсан ч Дональд Трампын дахин сонгогдсон мэдээг сонсоод л Англид бүр мөсөн үлдэх шийдвэр гаргажээ.


“Сонгуулийн маргааш өглөө биднийг уйлсан emoji-нуудтай мессежүүд угтсан. Тэгээд л ойлгосон. Тэр дахин гарчихсан. Тэгээд бид шийдсэн: 'Бид эндээ үлдье.'” гэж Эллен дурсан ярьжээ.




Ижил хүйстнүүдийн эрхийн төлөө — Хосууд дахин гэрлэхийг бодож байна


Эллен болон Поршиа нар 2008 онд АНУ-д гэрлэсэн. Гэвч сүүлийн үед АНУ-ын зарим муж, сүм хийдүүд ижил хүйстний гэрлэлтийг цуцлах санал гаргаж, хууль хүчингүй болгохыг эрмэлзэж байгаа нь тэднийг түгшээж эхэлсэн байна.


“Хэрвээ ийм хууль батлагдвал бид Англид дахин гэрлэнэ гэж төлөвлөж байгаа,” хэмээн Эллен онцлон дурдсан байна.


 “Би шулуун хүн. Гэхдээ тэгэхээр би муу хүн гэсэн үг үү?”


Түүний олон жил амжилттай үргэлжилсэн “The Ellen DeGeneres Show” 2022 онд дуусахад нэр хүндэд нь сэв суусан. Ажлын байрны дарамт, “токсик” орчны тухай шүүмжлэл гарч, Эллен “эрс шулуун, дээрэнгүй хүн” гэх хочтой үлдсэн.


Эллен үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд: “Би илэн далангүй, шууд хүн. Гэхдээ тэглээ гээд намайг муу хүн гэж дүгнэж болохгүй шүү дээ,” хэмээн үзэж байна.

“Нэг эмэгтэй ууртай, сэтгэл санаа нь өөр байхад л нийгэм түүнийг хүйтэн хөндий, ширүүн гэж хардаг.”


 Хөдөөгийн амьдрал — Тахиа, цас, тайван байдал


Эллен шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Тэрээр анх удаа цас үзсэнээ баяртайгаар дурсаж, Поршиа эхнэр нь морьдоо хүртэл Англи руу авчирсан бол өөрөө тахиа тэжээж, хоёр долоо хоног хонины “бяцхан адал явдал”-д орсон байна.


“Бид ийм байгалийн гоо үзэсгэлэнтэй орчинд амьдарч үзээгүй. Тосгод, барилга байгууламж бүр нь өөрийн гэсэн түүхтэй, үнэ цэнтэй санагддаг.”


 


Холливудад “өөр байх” нь одоо ч эрсдэлтэй


1997 онд Эллен олон нийтэд ижил хүйстэн гэдгээ зарласнаар түүний тэргүүлж байсан инээдмийн цуврал нэвтрүүлэг цуцлагдаж, олон реклам цуцлагдсан түүхтэй.

“Одоо ч гэсэн би олон жүжигчин найз нөхдөө мэднэ. Тэд ижил хүйстэн ч нууцалж явдаг. Айж байна. Энэ бол асуудал хэвээрээ.”

Тэрээр нийгэм бүхэлдээ хүлээцтэй болсон гэж үзэхэд эрт гэж хэлээд, залуу үеийнхнийг илүү “чөлөөтэй, уян хатан” хэмээн сайшаажээ.


Ирээдүй тодорхойгүй ч боломж нээлттэй



Телевизийн шоугаа ихээхэн санадаг ч өнөөдрийн технологийн эрин үед урьдын формат ажиллахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэсэн ч Англид дахин ток шоу хийх боломжийг үгүйсгээгүй.

“Хүмүүс одоо бүх зүйлээ гар утсаараа үзэж байна. Анхаарал сарнисан. Гэхдээ надад хөгжилтэй, бүтээлч зүйл хийх хүсэл байсаар л байна. Би тахиандаа хайртай ч, бага зэрэг уйдаж л байна.”


Н.Отгончимэг


Эх сурвалж: BBC.com, Ian Youngs