sonin.mn

Хятадын Төмөр замын үндэсний группын мэдээлж буйгаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар тус улсыэ төмөр замын ачаа тээврийн зах зээлийн чиг баримжаат шинэчлэл гүнзгийрч, ложистикийн үр ашиг, үйлчилгээний чанар сайжирсан байна. Үүний үр дүнд Хятад улсын төмөр замаар нийт 1.98 тэрбум тонн ачаа тээвэрлэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.0 хувиар өсжээ.




1-6 дугаар сарын хооронд Хятад улсын төмөр замаар нийт 1.02 тэрбум тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд үүнээс цахилгаан станцуудад шууд нийлүүлсэн эрчим хүчний нүүрс 695 сая тонн байжээ. Мөн ашигт малтмал, барилгын материал, металлургийн түүхий эд, үр тарианы тээвэрлэлтийн хэмжээ 19.7%, 8.6%, 9.8%-иар тус тус өсжээ.




Хятад улсын төмөр зам эхний хагас жилд нийт 1.22 тэрбум тонны ложистикийн гэрээ байгуулсан байна. Ачааны галт тэрэгний загвар шугамуудыг бий болгож, төмөр замын 95306 платформоор дамжуулан 102 чиглэлийн олон хэлбэрт тээврийн “нэг гэрээт” бүтээгдэхүүний үйлчилгээг нэвтрүүлжээ. Мөн эхний хагас жилд төмөр–усан замын холимог тээврийн контейнер 8.254 сая стандарт контейнерт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн, Хятад-Европын галт тэрэгний хөдөлгөөнийг тогтвортой хадгалж, Хятад-Төв Азийн галт тэрэг 7349 удаа зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 25%-иар өссөн үзүүлэлт болжээ. Хятад-Лаосын төмөр замаар дамжин тээвэрлэсэн хилийн чанад дахь ачаа бараа 3.029 сая тоннд хүрч, 9%-ийн өсөлттэй гарчээ.


Г.Бямба