Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
- Шатахууны түгээлтийг нэмэгдүүлэх, татан авалтыг сайжруулах ажлууддаа онцгой анхаарах, хадгалах савны хэрэгжилт, нэмэлт хэрэгцээт төслүүдээ бэлдэх;
- Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалт болон олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцож, хэрэгжилтийг дэмжин ажиллах;
- Уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжил, эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, үр өгөөжийг олон нийтэд зөв, бодитой ойлгуулах зорилгоор богино хэмжээний мэдээллийн контент, шторк бэлтгэн түгээх;
- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан байж болзошгүй газруудад хяналт тавьж ажиллах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулах;
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хариуцсан чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажлын явцад хяналт тавьж, хэрэгжилтийг хангах;
- Бадрах Энержи компанитай холбоотой ажлын үйл ажиллагааг эрчимжүүлэх;
- Уул уурхайн 7 хоног арга хэмжээний бэлтгэлд анхаарах;
- “Цөмийн энергийн тухай хууль”, “Газрын тосны тухай хууль”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль” зэрэг намрын чуулганаар хэлэлцэгдэх салбарын хууль, тогтоолын төслүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;
- Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг шуурхай зохион байгуулах, хурлын үр дүнг эргэн танилцуулах;
- Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулах, холбогдох танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэх;
- Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо
Даваа - 08 сарын 17,
2026
Сэтгэгдэл0