sonin.mn
ЗХЖШ-ын 032-р ангид алба хааж байсан, ахлах ахлагч О.Батдэлгэр хэрхэн хохирсон тухай түүний өмгөөлөгч Г.Балжмаа болон О.Батдэлгэр нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд өмгөөлөгч Г.Балжмаа:  “Өнөөдөр ЗХЖШ-ын хаалттай орчин, түүний цаана гардаг аман тушаалууд, уг тушаалуудаас болж хүний амьдрал хэрхэн хохирч байгаа тухай ярья гэж бодож байна. Миний хажууд  ЗХЖШ-ын 032-р ангид алба хааж байсан, ахлах ахлагч О.Батдэлгэр, одоогоор иргэн болчихсон, яагаад гэвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, ийм хүн байна. Энэ хүн надад би өөрийн ажил төрөл, амьдрал ахуй, нэр хүндээрээ хохирчихлоо гэж хандсан учир өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2021 оны 03 сарын 22-ний өдөр 032-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчийн эгчийн зүгээс 2 асуудал дээр гомдол гаргасан. Нэгдүгээрт, ахлах ахлагч О.Батдэлгэрт зодуулсны улмаас шүд цуурч, гүйлсэн булчирхай цочсон. Хоёрдугаарт, намайг дарамталж, өөрийнхөө дансаар мөнгө авдаг байсан гэх асуудал. Ийм 2 асуудлаар шалгаж өгөөч ээ гэж ЗХЖШ-д гомдол гаргасан байдаг. Энэ асуудлаар шалгалт хийж, одоог хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа. Үүнээс үүдэж О.Батдэлгэр дээр БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Эрүүгийн хуулийн 28.3-т заасан захирагч захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэх, 6 сараас 1 жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм.” гэв.
 
 
Харин О.Батдэлгэр: “2021 оны 03 сарын 21-ний өдөр Г.Дэлгэрхишиг гэж хүнээс бэлтгэл байлдагч Г.Бямбадорж цэргийн ангид алба хааж байх хугацаандаа надад зодуулж, шүд цуурч, гүйлсэн булчирхай цочсон гэх гомдол над дээр ирсэн. Уг гомдлын дагуу ЗХЖШ-аас ажлын хэсэг гарч, хурандаа н.Ариунболд, дэд хурандаа н.Батжаргал нар ирж шалгасан. Шалгаад одоог хүртэл ямар ч шийдвэр гаргаагүй. Тэгсэн хэр нь н.Дугаррагчаа хурандаа ирээд, чи мөнгө авсан болох чинь нотлогдсон. Ажлаас гарах өргөдлөө өг. Нэг хоногийн дотор ангийн захирагчаар цохуул гэдэг аман тушаал өгсөн. Мөн энэ шалгалтийн явцад буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дарамт шахалт үзүүлж, дарга нар бузар булайгаар нь дууддаг байсан.
 
Тэгээд энэ бүхний дараа  2021 оны 04 сарын 22-ний өдөр би өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгсөн. 
 
Би 2012 онд 032-р ангид хугацаат цэргийн албанд татагдан очиж байсан. Ингээд олон залуучууд дундаас шалгарч, улирах хүсэлт өгөөд, 2013 оны 05 сарын 23-ний өдөр ЗХЖШ-ын даргын тушаалаар 032-р ангид буудагчаар томилогдож, улмаар 2020 оны 01 сарын 16-ны өдөр Монгол Улсын төрийн хүндэт харуулийн салааны ахлагчийн албан тушаалд томилогдсон. Энэ хугацаанд би сахилгын болон гэмт хэргийн шинжтэй ямарваа нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. Ингээд ажиллаж байтал хугацаат цэргийн алба хаагч Г.Бямбадоржийн гүтгэлгээс болж ажлаасаа гараад, 5 хүүхдээ тэжээж чадахгүй, ажил хайгаад, цагдаад хүртэл эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Өнөөдөр яагаад хэвлэл мэдээлэлд хандах болсон бэ? гэвэл надаас өмнө олон залуучууд хохирч байсан гэдгийг мэдэхгүй ч, надаас хойш олон сайхан залуучууд битгий хохироосой, талхныхаа мөнгөнөөс битгий салаасай гэж энэ алхмыг хийлээ” гэв.
 
 
М.Чойжал