sonin.mn
Цар тахлын үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо нэмэгдэж байна.  Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 
 
-Цар тахлаас үүдсэн хөл хорионы үед нийт хэдэн дуудлага ирсэн бэ.  Өмнөх онуудын дуудлагаас нэмэгдсэн үү?
 
-2019 онд 134 мянга, 2020 онд 114 мянга гаруй дуудлага манай төвд ирсэн байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 38 мянга гаруй дуудлага ирээд байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагын тоо өмнөх онуудынхаас нэмэгдлээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үндсэндээ ангилж байна. Сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бие махбодын  хүчирхийлэл гэж бий. Өмнөх онуудтай харьцуулбал сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийллийн дуудлага нэмэгдэж байна.
 
 
 
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэг эхчүүд илүү их үйлддэг нь сэтгэл эмзэглүүштэй.
 
 
 
-Хүүхдийн тусламжийн утас руу хандсанаар  хүүхдүүд ямар тусламж үйлчилгээ авах боломжтой вэ?
 
-0-18 насны хүүхэд өөрт тулгамдаж буй бүх асуудлуудад зөвлөгөө, тусламж авахаар холбогддог. Сэтгэл зүйн зөвлөгөөг хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд ч авч болно. Мөн хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авдаг. Мэдээллийг хүлээн авч, тухайн хүүхдийн харьяаллыг тогтоон, аймаг, сум, дүүргийн мэргэжлийн байгууллагатай холбон зуучилдаг. Хүчирхийлэл далд хэлбэрээр гэр бүлийн хүрээнд үйлдэгдээд мэдэгдэхгүй өнгөрөх, даамжрах тохиолдол олон бий.  Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх далд хэлбэрээр үйлдэгддэг хүчирхийллийг илрүүлэх мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдэд  үйлчилгээгээ хүргэх зорилгоор мессеж, фэйсбүүк, чатбокс үйлчилгээг нэвтүүлэн 24 цагийн турш ажиллаж байна.
 
-Тусламж хүсэж буй хүүхдүүд хэдээс хэдэн насны хооронд байдаг вэ?
 
-6-18 насны хүүхдүүд холбогддог. Үүнээс өсвөр насны буюу 12-16 насны хүүхдүүд их холбогдож байна. Сэтгэл зүйн зөвлөгөө тэр дундаас онцолбол үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, үерхэл нөхөрлөл, үл ойлголцол, гэр бүлийн хүчирхийллийн талаар ихэвчлэн холбогдож туслалцаа авдаг. Зургаагаас доош насны хүүхдүүдийн мэдээллийг эцэг эхчүүд, хөршүүд, олон нийт хүргэдэг.
 
-Хүүхдийн тусламжийн утас руу холбогдож буй асуудлуудад хэрхэн хариу арга хэмжээ авдаг вэ?
 
-Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд ажиллаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. 108 тусламжийн утас руу хүүхдүүд шууд холбогдож тусламж авахаас илүү эхлээд холбогдож, би итгэж болохоор байна уу. Надад тусалж чадах уу гэж туршилт  байдлаар холбогддог. Иймээс бид бүхэн “Итгэ-холбогд-туслая” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой тусламж авахаар ихэвчлэн холбогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн маргаан, үе тэнгийнхний харилцаа, дарамт, хайр дурлал, цахим донтолттой холбоотой дуудлага мөн их ирдэг. Хүүхдүүд ганцаардсан, ярилцах хүнгүй үедээ бас холбогдож байна. Дашрамд хэлэхэд манайх үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ мэдээллийг 24 цагаар хүргэдэг гэдгийг хэлмээр байна. Зөвхөн асуудал тулгарсны дараа биш урьдчилан сэргийлэх, зөвлөгөө авах байдлаар хүмүүс манай үйл ажиллагааг хардаг ойлгодог тэгээд холбогддог байгаасай гэж хүсч байна.
 
-Цар тахлын үеийн хөл хорио хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Хөл хорионы улмаас хичээл цахимаар орж хүүхдүүд гэрээсээ хичээллэх болсон. Хүүхдийн сэтгэл зүйд хөл хорио тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь манай зөвлөгч нарт анзаарагдаж байгаа. Үүнтэй зэрэгцэн хүүхдүүдийн хувьд цахим хэрэглээ өндөр болсон. Цахим донтолт, цахим гэмт хэрэгт өртөх эрсдэл байгаа учир эцэг эхчүүд маань хүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, амьд харилцаатай байгаасай гэж зөвлөмөөр байна.
 
 
 
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж санаа бодлыг сонсохгүй байгаагаас үүдэн үл ойлголцол үүсэх, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, цаашлаад хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх эхлэл суурь тавигдаж байна. Хүүхдүүд нийгмийн харилцаанд удаан хугацаанд ороогүй учир ганцаардах, сэтгэл гутралд орох, утсанд донтох үзэгдэл их байна.
 
 
 
-Хүүхдийн тусламжийн төвийн ажилтнууд тусламж хүссэн хүүхдүүдэд бүрэн хүрч ажиллаж чадаж байна уу?
 
-Байгууллагын гол зарчим бол оновчтой, шуурхай, зөв, харилцан уялдаатай ажиллах юм. 108 тусламжийн утас руу хуурамч дуудлага нэлээдгүй ирдэг. Хуурамч дуудлагаас шалтгаалан зорилтод дуудлага алдагдах хүндрэл үүсэх тохиолдол их байдаг. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд өөрт хэрэгтэй мэдээлэл, өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд бидэнд итгэж болно гэдгийг та бүхэндээ амлаж байна. Бид чинь хүүхдүүдийн сайн сайхны төлөө тангараг өргөсөн төрийн үйлчилгээний алба хаагчид юм шүү дээ. Бидэнд итгэж болох болов уу гэж санаа зовохоос илүүтэй шууд холбогдож өөрт хэрэгтэй мэдээллээ хүлээн авч байгаарай.
 
 
Н.ЛХАГВАБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин