Зэвсэгт хүчний ангиудын цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг бодитоор илтгэн харуулдаг “их тулаан” бол яах аргагүй Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн. Өнөө жилийн цогцолбор тэмцээнд Зэвсэгт хүчний 38 анги, байгууллагын 2000 гаруй тамирчин тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж цэргийн мэргэжлийн ур чадвараа “гайхуулав”.
Энэхүү тоон үзүүлэлт нь маршийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйг бэлхнээ харуулж байгаа юм.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө “Мотобуудлага, танкийн мэргэжлийн офицеруудын мэргэжил, ур чадварын тэмцээн” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй офицер, ахлагчийн төрлөөр эгнээгээ тэлсэн нь өнөө жилийн маршийн нэг онцлог байлаа. Мөн эх орныхоо алс баруун хязгаараас Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн баг тамирчид, Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Цэргийн төв эмнэлгийн хос тангарагт тамирчид анх удаа оролцсон гээд дурдвал онцлох зүйл цөөнгүй.
.jpg)
Тэмцээний цар хүрээ тэлж, нэр хүнд, ач холбогдол өсөхийн хэрээр офицер, ахлагч нарын идэвх чармайлт улам эрчлэгдэж, бэлтгэл сургуулилтыг чамбайруулсан нь гарааны өмнөх ажиллагаанаас л харагдаж байв. Таван толгойн аглаг буйдхан толгодын дунд сар гаруйн хугацаанд байрлаж, уяа сойлго нь таарсан морьд шиг жавхайсан офицер, ахлагч нарын тэр нь, энэ нь түрүүлнэ хэмээн таамаглах аргагүй байсан нь Зэвсэгт хүчний хэмжээнд маршийн тэмцээнд өндөр ач холбогдол өгч, ангиудын удирдлага, дасгалжуулагчид хэчнээн их хүч хөдөлмөр зарцуулан тамирчдаа бэлтгэсэн нь илэрхий байв. Байнгын бүрэлдэхүүний салаад, эмэгтэй тасгуудын өрсөлдөөн маршийн тэмцээнийг чимсэн оргил үзүүлэлтүүдийн нэг байсаар ирсэн. Өнөө жил ч энэ чанараа хадгалж ширүүхэн өрсөлдөв. Тэр тусмаа эмэгтэй хүнд эрх биш ахадсан гэмээр дасгалуудыг хором мөч бүртэй уралдан гүйцэтгэж, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа “гайхуулах” эмэгтэй цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар жилээс жилд ахиж байгааг зарим шүүгчид онцолж байна лээ. Үнэхээр эрчүүдтэй мөр зэрэгцэн цэргийн хөдөлмөрийн амар биш ачааллыг үүрч, үе тэнгийн бүсгүйчүүд нь хараад л халширмаар хүнд бэрх хөдөлмөрт дадаж чадсан бүсгүйчүүдээр эрхгүй бахадмаар... Басхүү маршийн тэмцээний сонирхолтой хэсэг нь оны мэргэжлийн аварга офицер, ахлагчийн өрсөлдөөн байдаг. Оны аваргад оролцоно гэдэг нь тухайн хүн өөрийгөө цэргийн хэргийн болоод бие бялдрын хувьд хэн бэ, ямар хэмжээнд байна вэ гэдгээ илтгэн харуулдаг, нэг ёсны нээлттэй сорилт юм. Оны аваргад нэр нь тодорсон офицерууд үнэхээр шилдэг нь байдаг аж. Өдгөөгөөс 20, 30 жилийн тэртээх маршийн тэмцээний оны аваргад нэр нь тодорч, мэргэжлийн ур чадвараараа манлайлагчид өдгөө Зэвсэгт хүчний ноён нуруу болж яваатай маргах хүн үгүйг учир мэдэх дарга нар онцолж байлаа. Үүний жишээ нь дээр өгүүлсэнчлэн “Мотобуудлага, танкийн мэргэжлийн офицеруудын мэргэжил, ур чадварын тэмцээн” нэртэйгээр 30 жилийн өмнө зохион байгуулагдаж эхэлсэн оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний анхны манлайлагчид нь өнөөгийн бригадын генерал Х.Даваацэрэн, Б.Амгаланбаатар нарын офицерууд байсныг, мөн оны аваргаар өөрийгөө таниулж, цаашдаа өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорсон офицеруудаас л ангийн захирагч, удирдах албан тушаалтан төрдөг нь энэхүү тэмцээний нэр хүнд, ач холбогдлыг улам өргөдөг болохыг онцолсныг дурдахад илүүдэхгүй биз ээ. Маршийн бас нэгэн чимэг, оргил хэсэг нь хугацаат албаны түрүүч, байлдагч нарын салаадын дундах өрсөлдөөн. Тэдний өрсөлдөөн бусад төрлөөс дутахгүй. Цэргийн алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах оргил тэмцээнд өрсөлдөнө гэдэг цэрэг бүрт олддог боломж биш учраас тэмцээнд “сойгдсон” залуус албаараа, өөрсдөөрөө, онжавуудаараа эрхгүй бахархдаг юм билээ. Өнөө жилийн маршийн төрөл тус бүрийн өрсөлдөөн ширүүн байж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв уухайн түрлэгээр хөглөгдөж, цаг хором бүр амжилт, ялалтын гэрч болон үлдлээ. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд оролцож, баг тамирчдад баяр хүргэн хэлсэн үгэндээ “Жинхэнэ цэрэг хүн сэтгэлийн асар их хаттай байхаас гадна алдаанаасаа суралцаж, дүгнэлт хийн түүнийгээ залруулах чадвартай байх ёстой. Тиймээс анги, байгууллагынхаа нэрийг дуурсгаж, шагналын тавцанд гарч чадсангүй гэж сэтгэл гонсойх цэргийн алба хаагч байх учиргүй. Яагаад гэвэл энэхүү тэмцээнд зөвхөн цэргийн мэргэжлийн шилдгийн шилдгүүд оролцдог. Тамирчин бүр анги, байгууллага, баг хамт олныхоо төлөө гэсэн чин сэтгэлээр өөрийгөө ялж, сорилт шалгуур бүхнийг амжилттай даван туулсан болохоор Та бүхэн бүгдээрээ Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн тэмцээний ялагчид” хэмээн тодотгосон юм.
ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ ТАВ ДАХЬ УДААГАА...
Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Х.ГАНТУЛГА:

-Энэ жилийн маршид байнгын бүрэлдэхүүний 22 салаа оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Бидний хувьд бэлтгэл сургуулилтыг нэлээдгүй хугацаанд сайтар базаасны үр дүнд тэргүүн байрыг эзэллээ. Ингэснээр манай ангийн баг тамирчид тав дахь удаагаа алтан медаль, шилжин явах цомыг эзэмшиж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит маршид 2009 онд хүрэл, 2011, 2013, 2015, 2017 онд алтан медаль хүртсэн. Энэ жил ч Зэвсэгт хүчнээ төлөөлөн Ерөнхийлөгчийн нэрэмжит маршид оролцох хариуцлагатай үүргийг хүлээлээ, амжилтаа бататгана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ дашрамд амжилт гаргах бүхий л нөхцөлийг бүрдүүлж, дэмжиж тусалсан ангийн захирагч, удирдлагууддаа баярлалаа гэж хэлье. Мөн жилээс жилд баг тамирчдын чанар чансаа нэмэгдэж, анги, байгууллагууд ч хүмүүсээ маш сайн сонгож, бэлтгэдэг болсныг мэдэрлээ. Зэвсэгт хүчний “олимп”-доо хүч сорьсон бүх цэргийн алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүсье.
БИТҮҮХЭН АЙДАСТАЙ БАЙСАН
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Хүнсний албаны дарга, ахлах дэслэгч Г.НЯМЖАРГАЛ:
-Би 2013 онд БХИС-ийг Цэргийн ар талын офицер мэргэжлээр төгссөн. 2009 оноос буюу сонсогч байхаасаа эхлээд маршийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байна. Хамгийн анхныхаа маршаас тасгаараа хүрэл медаль хүртэж байлаа. Үүнээс хойш ер нь амжилтын буухиа тасраагүй. 2017 оны маршаар тасгаараа мөнгө, Ерөнхийлөгчийн нэрэмжит маршаас мөн мөнгөн медаль хүртсэн. Сонсогч байхаасаа цөөнгүй жил маршид оролцсон хүний хувьд оны мэргэжлийн аварга эмэгтэй офицер шалгаруулах тэмцээний төрөлд хүч үзэж, амжилт гаргая гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Дээр нь ангийн удирдлага, хамт олон маань асар их итгэл хүлээлгэсэн учраас алдах эрхгүйгээр хичээсэн. Өрсөлдөгчдийн маань дийлэнх нь сонсогч байхдаа нэг тасагт гүйдэг байсан “мундгууд”. Бид бие биеэ маш сайн мэдэх учраас хэн хэн нь битүүхэн айдастай байсан. Миний хувьд тэдгээр охидын тасгийн захирагч байсан учраас тохой илүү байх ёстой шүү гэсэн командыг өөртөө өгч, сорилт бүр дээр хариуцлагатай байхыг хичээсэн. Юутай ч зорилгоо биелүүлж чадсандаа баяртай байна. Хамгийн гол нь хамт олныхоо итгэлийг дааж, анхны тодотголтой тэмцээнд тэргүүлэн ангийнхаа нэрийг гаргасандаа сэтгэл хангалуун байна.
ҮБХИС-ИЙНХАН ЦӨӨНГҮЙ ТӨРЛӨӨР МАНЛАЙЛЛАА
ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн Цэргийн мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч багш, сургагч ахлагч Л.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Миний хувьд 2003 онд Ахлагчийн сургуулийг дүүргэж, Зэвсэгт хүчний 150 дугаар анги буюу элитийн батальонд томилогдсоноор Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэг гишүүн болсон. Тус ангидаа тасралтгүй 15 жил ажиллаад өнгөрсөн жил ҮБХИС-д томилогдсон юм. Энэ хугацаанд маршийн тэмцээнд 10 удаа оролцож, долоон алт, гурван мөнгөн медаль хүртсэн. Энэ жилийн марш өргөн цар хүрээтэй, тэр хэрээрээ маш өрсөлдөөнтэй боллоо. Манай сургуулийн баг тамирчдын хувьд бэлтгэлээ нэлээд эртнээс чанартай базаасны үр дүнд цөөнгүй төрлөөр манлайллаа. Ер нь Зэвсэгт хүчний ангиуд тэмцээнд өндөр ач холбогдол өгч маш сайн бэлтгэдэг болсон нь ширүүхэн өрсөлдөөнөөс харагдаж байна. Тусгай батальонууд эхний байруудад шалгардаг гэсэн нийтлэг ойлголт эвдэгдэж, хэн сайн бэлтгэл хийсэн нь, хэн бага алдаа гаргасан нь шалгардаг болжээ гэдгийг өнөө жилийн марш харууллаа.
НАДАД АСАР ИХ ХАРИУЦЛАГА ОНОГДЛОО
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-ийн Мэдээллийн туслах мэргэжилтэн,
дэд ахлагч А.ЭНХТУУЛ:
-Би МУБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөөд 2016 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж, 2017 онд анхныхаа маршид оролцсон. Тухайн үед манай тасаг зургаадугаар байрт шалгарч байсан бол энэ жил тавдугаар байрт орж, бид амжилтаа нэг шат ахиуллаа. Мөн анх удаагаа оны мэргэжлийн аварга шалгаруулах эмэгтэй офицер, ахлагчийн тэмцээнийг явуулсан нь энэ жилийн маршийн нэг онцлог байлаа. Тийм учраас энэхүү анхны тэмцээнд хүч сорьж, тэргүүн байрт шалгарсандаа туйлын баяртай байна. Өмнөх жилүүдийн маршийн тэмцээний оны аваргад өрсөлдөж, амжилт үзүүлж байсан ангийнхаа туршлагатай, шилдэг офицер, ахлагч нарын заавар, зөвлөгөө, ангийн удирдлага, ЭДАСТ-ийн хамт олныхоо дэмжлэгээр бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, үүний үр дүнд өрсөлдөгчдийнхөө өмнө гишгэж чадсан. Түүнчлэн миний хувьд найм дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа, энэ маань ч амжилт үзүүлэхэд нөлөөлсөн болов уу. Хэдийгээр би тэргүүн байрт шалгарсан ч надад алдаа дутагдал их байсан, тэр болгоноосоо суралцаж, цаашид залруулж, дараа дараагийн маршид амжилтаа бататгах асар их хариуцлага надад оногдлоо.
АХ НАРЫНХАА АМЖИЛТЫГ БАТАТГАЖ ЧАДЛАА
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түрүүч Б.БАТСҮХ:
-Миний хувьд 2018 оны хоёрдугаар ээлжээр нийслэлийн Чингэлтэй дүүргээс цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид алба хааж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний аваргуудыг шалгаруулдаг энэхүү том тэмцээнд оролцсондоо, тэр тусмаа салаагаараа тэргүүн байрт шалгарсандаа туйлын баяртай байна. Ах нарынхаа өмнөх жилүүдэд гаргасан амжилтыг бататгах нь бидний хувьд хамгийн том үүрэг хариуцлага байсан. Онжавуудтайгаа энэ үүргээ биелүүлж чадлаа. Салааны захирагч маань урьд нь маршийн тэмцээнд салаа удирдан оролцож, бүр түрүүлж байсан туршлагатай учраас биднийг маш зохион байгуулалттай, чадварлаг удирдсанаар амжилтаа бататгасан. Биднийг энэхүү тэмцээнд оролцож, амжилт гаргах бүх нөхцөлийг бүрдүүлсэн ангийн удирдлагууддаа баярлалаа гэдгээ онжавуудынхаа өмнөөс уламжилъя. Цэргийн алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах маршийн тэмцээнд оролцож түрүүлсэн амжилт нь миний болоод онжавуудын маань амьдралын хамгийн дурсамжтай, хэзээ ч үл мартагдах бахархалт үйл явдлуудын нэг гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Маршид оролцсон, бидний хүчтэй өрсөлдөгчид байж чадсан бүх онжавууддаа баяр хүргэж, албанд нь амжилт хүсье.
ӨРСӨЛДӨГЧДӨӨ ӨНГӨЛЖ, АЙРГИЙН ТАВД БАГТСАНДАА УРАМТАЙ БАЙНА
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч М.НАРАНБААТАР:
-Би Архангай аймгийн Өлзийт сумынх. Хугацаат цэргийн алба хаана гэдэг нь эр хүн бүрийн бахархал гэж ойлгодог учраас ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд л хүсэл сонирхлоороо цэргийн албанд ирсэн. Хувь хүний төлөвшил, зохион байгуулалтаас эхлээд цэргийн албанд ирснээрээ олон зүйлд суралцаж байна. Хамгийн гол нь алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний хэмжээнд хамгийн том тэмцээн болсон маршид оролцсондоо баяртай байна. Тэмцээнээс их зүйлийг мэдэрч, цэргийн албаар илүү их бахархлаа. Яагаад гэвэл бидний туулсан зам, тэмцээний сорилт, шалгуур бүрийг хэр баргийн хүн хялбар давчихаж чадахгүй учраас тэр. Манай салааны хувьд бэлтгэлээ сайтар базааж, эхний байруудад багтах зорилготой ирсэн. Гэсэн хэдий ч дөрөвдүгээр байрт шалгарлаа. Хүчтэй өрсөлдөгчдөө өнгөлж, айргийн тавд багтсандаа урамтай байгаа ч эхний гурван байрт шалгарчихсан бол гэх бодол төрсөөр л байна. Миний бодлоор бид гарааны өмнөх ажиллагааг жаахан тааруухан хийчихсэн. Гэхдээ яах вэ, цэргийн албанд ирсэн бүхэн өрсөлдөөд байдаггүй энэхүү том тэмцээнд оролцсон маань миний хувьд хамгийн том бахархал, хамгийн тод дурсамж юм шүү.
ОРГИЛ ТЭМЦЭЭНД ХҮЧ СОРЬЖ, ОНЖАВУУДТАЙГАА САЙХАН ДУРСАМЖИЙГ БҮТЭЭЛЭЭ
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч П.ГАНТОГТОХ:
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас цэргийн албанд мордсон. Ардын Хатанбаатараараа овоглосон Ховдын хороонд алба хааж байгаадаа баяртай байна. Миний хувьд Монгол, Солонгосын хамтарсан Политехник коллежид авто механикийн мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байгаад нэг жилийн чөлөө авч цэргийн албанд ирсэн. Алба хаах хугацаандаа Зэвсэгт хүчний аварга шалгаруулах маршийн тэмцээнд оролцож, эх орныхоо өнцөг булан бүрт алба хааж байгаа онжавуудтайгаа өрсөлдлөө. Энэ бол бидний хувьд нэр хүндтэй, бахархалт үйл явдал шүү дээ. Тэмцээнд оролцоно гэдэг нэг хэрэг, харин амжилт үзүүлэх нь чухал. Тийм учраас бид бэлтгэлээ сайтар базааж, дээгүүрт давхина гэсэн бүрэн итгэлтэй ирсэн. Гэсэн хэдий ч санасандаа хүрч арай л чадаагүй болохоор сэтгэл дундуур байна. “Өрсөлдөгчид үнэхээр хүчтэй байлаа, энэхүү ширүүн өрсөлдөөн дундаас айрагдана гэдэг чамгүй амжилт, та нартаа баяр хүргэе, мундаг байсан” гэж захирагч, дарга нар маань биднийг урамшуулсан. Зэвсэгт хүчний оргил тэмцээнд хүч сорьж, онжавуудтайгаа нэгэн сайхан дурсамжийг бүтээлээ. Энэ дашрамд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин, аав Л.Пүрэвдорж, ээж Н.Алтангэрэл нартаа мэнд дамжуулж, хүү нь албаа нэр төртэй хаагаад очно оо, та бүхэн минь сайн сууж байгаарай гэж уламжилъя.




Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Сайхан юм. Бахархаж байна!