sonin.mn
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа. ЗХЖШ-ын даргыг дагалдаж Материал, техникийн газрын дарга, хурандаа М.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нарын албаны хүмүүс ажилласан юм.
 
 
Тус ангийн  захирагч, дэд хурандаа Ш.Цэрэнбат албаны хүмүүст ангийнхаа түүх, ололт амжилт, бүтэц орон тоо, энхийг сахиулах ажиллагаа болон бүтээн байгуулалт дахь оролцоо, сургалт бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тохижилт, бүтээлч ажлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа ч танилцууллаа. Тухайлбал, тус ангийн ихэнх барилга, байгууламжууд 1964 онд баригдсан, насжилт өндөр байгаагийн хэрээр дулаан хадгалалт, эрүүл, аюулгүй орчин үргэлж хөндөгдөж байдаг талаар илтгэв. Мөн алба хаагчдын ар тал, хангалт, нийгмийн хамгаалал, дэг журам, сахилга, хариуцлагыг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээнийхээ талаар ч танилцууллаа. Үүний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг эх орныхоо төвийн болон зүүн өмнөд бүсийн агаарын хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй хамгаалж байгаа тус ангийн үндсэн үүрэг гүйцэтгэлттэй танилцахын сацуу зарим объектуудаар зочилж, төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүнтэй халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан уулзсан юм.
Тэрээр ангийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн шинэчлэл, цэргийн сургалт бэлтгэл, ёс зүй, сахилга хариуцлага зэрэг цаг үеийн мэдээлэл хүргэсний дараа цэргийн алба хаагчид бүрийн анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.
 
 
Уулзалтын эхэнд  "Миний хувьд Зэвсэгт хүчний 065 дугаар анги бол дэндүү танил орчин. Аав минь энэ ангид алба хааж байсан учраас танил, дотно орчин байхаас ч аргагүй юм" гэж онцлоод алба хаагчид бүрийн анхаарах асуудлын талаар үргэлжлүүлэн ярилаа.  "Цэргийн алба гэдэг өөрөө хамтын ажиллагаа дээр тогтдог салбар. Хэзээ ч ганцаараа алхдаггүй, ганцаараа гүйдэггүй, нэгэн зорилгын дор нэгэн зэрэг хамтдаа зүтгэдэг алба. Зүтгэхийн төлөө цэргийн алба хаагч та ямар байх ёстой вэ. Цэргийн алба хаагч яах гэж болсноо тунгаан бод. Зүгээр л сүр жавхаатай сайхан хувцас өмсөх гэж орж ирээгүй байх. Эцсийн зорилго нь эх орноо хамгаалах гэж энэ албыг сонгосон байж таарна. Тэгвэл цэргийн алба хаагч хүний заавал биелүүлэх үүрэг, даалгаврыг хэрхэн гүйцэтгэж чадаж байна вэ, өөрийгөө хэрхэн дайчилж, шинэчлэл, өөрчлөлтөд дасгаж байна вэ гэдгээ эргээд хараарай. Наад зах нь бие бялдраа чийрэгжүүлж, эрүүл мэндээ сайжруулахад онцгой анхаар. Энхийг сахиулах ажиллагааны сонгон шалгаруулалт явуулахад цөөнгүй алба хаагчид өвчний учир хасагдаж байгаа нь нуух аргагүй үнэн. Биеийн тамир ч ялгаагүй. Хэрэв “Би ирэх жил энхийг сахиулах ажиллагаанд оролцоно” гээд төлөвлөгөө тавьсан бол эрүүл мэнд, бие бялдраа дээшлүүлэхэд зорилго, зорилт тавьж, түүнийхээ төлөө хичээх ёстой. Гэтэл урсгалаараа явж байгаад ороод уначихдаг. Ийм байж болохгүй. Ажил алба, гэр бүл, өөрийгөө хөгжүүлэх  чадвараа бүгдийг нь төлөвлө. Төлөвлөөд үүнийхээ төлөө хичээ.
 
 
Өнөөдөр манай цэргийнхэн дунд ухаалаг утасгүй хүн байхгүй байх.
 
 
 
 
Ухаалаг утсаа зөвхөн facebook ухаж, хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр тархиа дүүргэх биш, түүнийг харин өөрийгөө хөгжүүлэх зэвсэг болгож ашигла. Англи хэлний гүнзгий биш ч гэсэн чөлөөтэй ярьж, чөлөөтэй бичиж сурах олон апплейкшн тэнд байгаа. Ядаж үүнд ашигла.
 
 
 
Хэн ч байсан урсгалаараа л  суудал бөглөсөн төдий явах эрхгүй. Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийнх нь дагуу цэвэрхэн өмс, жавхаалаг бай. Би яагаад хувь хүний хөгжлийн талаар яриад байна гэхээр Зэвсэгт хүчний хөгжил таны буюу хувь хүний хөгжлөөс эхэлнэ. Олон бэлтгэгдсэн цэргийн алба хаагчидтай байж, энэ салбар хөгжиж дэвшинэ. Өөрийгөө Зэвсэгт хүчний үнэтэй баялаг гэж үзээд хөгжүүлж, чадваржуулахад анхаар” гэлээ. Мөн тэрээр тус ангийн объектууд элэгдэлд орсон, зайлшгүй шинэчлэх шаардлага байгаа. Засварлаж, шинэчлэх нь улсын төсвөөс бүрэн хамааралтай байдаг учир нэг амьсгаагаар биш шат дараатай шийдэгдэх асуудал гээд дэг журам, сахилга хариуцлагаа дээшлүүлэхэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд байгаа хүн бүхэн онцгой анхаарахыг захилаа. Төгсгөлд нь тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргээд, ажил албанд нь өндөр амжилт хүссэн юм.