sonin.mn
Шинэ Засгийн газрын сайд нарын томилгооноос хамгийн их гэнэтийн, олныг гайхшруулсан нь “Гацуурт”-ын Л.Чинбатын охин, “Mongol HD” телевизийн захирал Ч.Номиныг Соёлын сайдаар сонгосон шийдвэр байв.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байгаа дөрвөн эмэгтэй сайдаас хамгийн залуу нь тэр. Мөн түүний удирдаж байгаа яам ч саяхан шинээр байгуулагдсанаараа онцлогтой.
 
Телевизийн захирал гэдгээрээ олонд танигдсан шинэхэн сайд ажлаа хүлээн авснаас хойш анхны туузаа гуравдугаар сарын 26-нд Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлтийн үеэр хайчиллаа.  Найман тэрбумын өртгөөр бүтсэн энэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажилд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдсэн юм.  Хоёр давхар, 8000 ам.метр талбайтай энэ төвийн 130 гаруй өрөө тасалгаанд шинээр байгуулах “Чингис хаан” музейн үзмэр цуглуулах, олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалах өрөө багтжээ.
Нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах студи, сэргээн засварлах лаборатори, урлан, сургалтын танхим, сан хөмрөгийн өрөө зэрэг соёлын биет болон биет бус өвийг цогц байдлаар хамгаалах шаардлага хангасан зориулалтын байртай болж байгаа нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх нэгэн бодитой алхам боллоо. Анх 2008 онд барилга барих газрыг олгосон тэр цагаас хойш соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага дэмжлэг үзүүлсээр ирсний үр дүнд, мөн та бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байр баригдаж, ийнхүү амжилтай үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Соёлын яамны зүгээс барилгыг ашиглалтад оруулахтай холбогдолтой бүх дэмжлэгийг өнгөрсөн хугацаанд үзүүлж, анхаарал хандуулан ажилласан гэдгийг нь хэлэхэд мөн таатай байна” гэж ярьсан юм.
 
СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН БАЙР 13 ЖИЛИЙН ДАРАА...
 
Хөндлөнгөөс харахад үндэс сууриа тавьснаас нь хойш 13 жилийн дараа Ч.Номин сайдын гавьяагаар тус төв ашиглалтад орж, шинэ сайдын  анхны томоохон үйл хэрэг мэт харагдав. Гэвч тус төвийн барилга барих газрыг 2008 онд олгож,  2014 оноос Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд барьж эхэлсэн.  Төвлөрсөн гадна шугам сүлжээний асуудлыг шийдээгүйн улмаас 2019 он хүртэл түр саатсан. Түүнчлэн “Барилгын явц 98 хувьтай үргэлжилж байгаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээн Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат сэтгүүлчдэд мэдээлж байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас барилгын нээлт хойшилж, 2021 оны гуравдугаар сарын 26-нд боллоо. Тэгэхээр он удаан жил үргэлжилсэн барилга ашиглалтад орох нь Ч.Номинг сайд болохоос өмнө хэдийнэ тодорхой болчихсон, төсөв, санхүү бүх зүйл нь шийдэгдсэн байсан гэсэн үг. Харин тэр зөвхөн нээлтийг нь хийж, тууз нь хайчилснаас өөр гавьяагүй. Соёлын өвийн үндэсний төвийн барилгыг ашиглалтад ороход түүний дэмжлэг нэмэр болоогүй юм. Шинэ барилга бэлэн болохоос өмнө Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт түрээсийн байранд байрлаж байв.
Эргэн сануулахад “Соёлын өвийн үндэсний төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолыг 2017 оны наймдугаар сарын 23-нд анх баталсан байдаг. Тодруулбал, Соёлын өвийн төвийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид түшиглэн Монгол Улсын соёлын өвийг бүртгэн мэдээлэх, авран хамгаалах чиг үүрэг бүхий “Соёлын өвийн үндэсний төв”-ийг байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт 2017 онд даалгасан юм билээ. Аль сайдын үед тогтоол нь гараад, хэн нь ашиглалтад оруулаад, аль сайд нь тууз хайчилснаас үл хамааран Соёлын өвийн үндэсний төв гэдэг бол түүх дурсгалын нандин олдворыг хадгалж, сэргээн засварладаг асар өндөр ач холбогдолтой газар юм.
 
 
 
 
Тухайлбал, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн дөрөвдүгээр бүлгийн 20.3-т “Соёлын өвийн үндэсний төв нь Монгол Улсын соёлын өвийг бүртгэх, мэдээлэх, авран хамгаалах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна” хэмээн заажээ. Тиймээс шинэ  төвд соёлын өвийг хамгаалах чиглэлээр 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа юм.
 
 
 
 
Үүнд соёлын биет өв болох археологийн олдвор, яаралтай хамгаалах шаардлагатай музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг зориулалтын төрөлжсөн сан хөмрөгт түр болон байнга хадгалах, сэргээн засварлах соёлын биет өвийг яс, чулуу, мод, төмөр металл, шавар, цаас, арьс шир, уран зураг, монгол зураг, эсгий, даавуу зөөлөн эдлэл зэрэгт төрөлжүүлсэн студи, урлан ажиллах багтжээ.  Мөн Монгол Улсын газар нутаг дээр оршин байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох палеонтологи, археологийн төрлийн олдорт газар, чулуун зэвсгийн бууц суурин, эртний булш бунхан, хиргисүүр, хотын туурь балгас, сүм хийд барилга архитектурын дурсгал, хүн чулуу, буган хөшөө, хадны зураг гэх мэт дурсгалын цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архивыг бий болгох юм.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин